2012-12-16
Мөнгөтэй үедээ буудалд, мөнгөгүй байвал гудамжинд хононо доо

...Олон мянган асрамжийн төвөөс

Ганц л хаяг намайг авах юм даа

Зүүдэнд ирдэг сайхан ээж минь

Зуны цагтаа хаягаас аваач дээ... гэж Нийслэлийн цагдаагийн газрын Хүүхэд хамгаалал, хаяг тогтоох төвийн хүүхдүүд дуулах аж. Тэд гэрийнхнийгээ ирээд авах болов уу гэж харна. Зарим нь “ирэхгүй дээ ирэхгүй. Биднийг хаясан” гэж ярих нь ч бий. Ингээд тус төвд олон удаа ирсэн, өөрийгөө Хавираа гэх 15 настай хүүтэй ярилцлаа.

-Ам бүл хэдүүлээ вэ?

-Манайх ам бүл долуулаа. Гурван ах, хоёр эгч, ээжтэйгээ амьдардаг.  Би айлын бага.

-Гэрийнхэн нь юу хийдэг вэ?

-Гэрт очоогүй удсан болохоор сайн мэдэхгүй байна. Ээж баянхошуунд хашаанд гөлөгнүүд тэжээдэг. Том том үүлдрийн нохой хардаг.

-Хамгийн сүүлд хэзээ гэрээсээ гарсан бэ?

-Наадмын өмнө долоодугаар сарын 9-нд гарсан.

-Хамгийн анх хэзээ гэрээсээ гарч байсан бэ?

-Манайх Завсарт байдаг байсан. Багадаа гэрийнхээ тэр хавиар тэнэдэг байлаа. Долоо буудал, 17, 32, бөмбөгөрөөр тэнэнэ. Анх 8-9 жилийн өмнө ахтайгаа гэрээсээ гарч байсан. Тэгээд ахтайгаа тэнэдэг байж байгаад нэг мөсөн тэнэмэл болчихсон. 

-Гэр орон нь байхад яагаад гадуур явах болсон юм бэ?

-Би гадуур явах дуртай. Жилдээ 100 гаруй удаа гэрээсээ гардаг.

-Тэгээд гадуур явахаараа юу хийдэг вэ?

-Гуйлга гуйна, бохь зарна. Нэг удаа хулгай хийсэн. УИД-ээс булган шуб хулгайлж байсан. Өвөл архи уугаад согтуу байсан юм. Тэгээд ганц биеийн тамирын цамцтай болохоор даарсан юм шиг байгаан. УИД-т ороод, дулаацаж байсан чинь, туучиж болохоор юм шиг харагдаад тэгээд авчихсан. Шууд өмсөөд, өлгүүрийг нь шийдээд, урд талын дэлгүүрт нь 360 мянгаар зарчихсан.

-Булган шубных нь үнэ хэд байсан юм бэ?

-Өөрийнх нь үнэ нь 4.5 сая байсан. Тэгээд хоёр сарын дараа баригдсан. Булган шубны хэргээс болж хоригдох гээд байхаар нь айсан даа ЧД-ийн ЦХ-ийн хоёр давхарын жорлонгийнх нь цонхоор үсэрсэн. Тэгэхэд хөл хугараад, гипсдүүлчихээд гадуур явдаг байлаа. Удалгүй Хархорин захаас хаягт /Хүүхэд хамгаалал, хаяг тогтоох төв/ ажилладаг Мөнхбат, Амараа багш нар намайг авчирсан. Батжаргал эмч гэмтэл дээр очиж зураг авхуулаад, таяг авч өгөөд, тэгээд хөлд орсон доо.

-Нөгөө хэрэг чинь юу болсон бэ?

-Ганц худагт гурав хоноод хэрэг хаагдсан. Булган шуб зарсан газартаа очоод худалдагчид нь 4.5 сая төгрөгийн хэрэгт орсноос 360 мянган төгрөгний хэрэгт орсон дээр гэж хэлээд шубээ аваад, буцааж өгсөн. Тэгээд хэрэг хаагдсан даа.

-360 мянган төгрөгөөр зарсан байна. Тэр мөнгөөрөө юу хийв?

-Найзуудтайгаа дөрөв хоног буудал аваад, дандаа үнэтэй гоймон идэж, шарсан тахиа захиалаад, архи уусан. Найз гэж надтай хамт гадуур явдаг хүүхдүүд л дээ.

-Чамайг гадуур явахаар ээжийн чинь санаа зовож байгаа даа?

-Санаа нь зовж байгаа. Надад гомдож байгаа байх.

-Мөнгөгүй үедээ хаагуур хонодог вэ?

-Мөнгөтэй үедээ буудалд, мөнгө багатай бол РС-д, мөнгө олдохгүй бол орцонд хоноглодог. Өвөл “Москва” хороолол гэсэн баячуудын орцонд орохоор дулаан байдаг. Зун болохоор байрны цонхны доор хонодог.

-Архи хэзээнээс уух болсон бэ. Яагаад архинд орсон юм бэ?

-2010 онд Цахилгаан мэнэнгээ тусаад мэс засалд орсон юм. Тэгээд ууж үзсэн. Одоо 2.5 сар болж байна. Анх уухад дотроос халаад гоё байсан. Хүйтэн үед дотроосоо халаад гоё санагдсан. Заримдаа найзууд дэлгүүрээс архи “туучихаараа” уух уу гэдэг. Тэгээд уучихдаг.

-Дэлгүүрээс архи хулгайлж уудаг гэсэн үг үү?

-Хааяа тууж ууна.

-Согтоод энд тэнд осгоод, хөлдчихвөл яана?

-Би согтоод тасрахгүй ээ. Согтуу хүн сохор ухаантай гэгчээр дулаан газар барааддаг юм байна лээ. Зарим байрны жижүүрийг сайн таньдаг, тэгээд гуйгаад хоночихдог. Хааяа жижиглэн авч очоод жижүүрээр хоол хийлгэж иддэг.

 

-Та нарыг гадуур явахаар өөр хүүхдүүд дээрэлхэх үү?

-Аравдугаар хороололд бохь зараад явж байсан чинь хэдэн банди нар мөнгөө өг гээд. Тэд гурвуулаа байсан. Хоёрыг нь зодоод, нэгийнх нь толгойг нь хагалсан юм. Тэгсэн нэг нь гуталныхаа түрүүнээс том балиуз гаргаж ирээд, цээж рүү дайрсан. Би гарыг нь барьж аваад эргүүлсэн чинь гуя руу дүрчихсэн.

-Тэгээд эмнэлэгт очсон уу?

-Тэр үедээ гишгэж чадахгүй байсан. Нил цус, өөх мах нь ил харагдаж байсан. Эмнэлэг яваагүй ээ. Өмдөө урж боогоод, шууд орцонд ороод хоносон. Маргааш эмнэлэгт очоод оёулах гэсэн чинь “хоносон байна. Оёхгүй” гэсэн. Тэгээд гэртээ очоод, ээж шархыг цэвэрлэж, эм цацаж өгсөн.

-Гадуур тэнэхээр өлсдөг байх?

- Үгүй ээ. Хар хорин захын гуанзны хүмүүсийг таньдаг. Тэгээд хоёр хоёр хуушуур хайруулж авдаг. Мөнгөтэй болохоороо гоймон авч иднэ. Тэгээд л явж байдаг даа.

-Ингэж хүнээс юм гуйж, тэнэж байхаар гэртээ харьж болдоггүй юм уу?

-Гэртээ баймаар л байна... Одоо гэртээ очвол дахиж гарахгүй.

-Гадуур явахаараа гэрээ санадаг уу?

-Санахаараа өөрөө хааяа харьдаг.

-Гадуур тэнэж байгаад гэртээ яваад очихоор гэрийнхэн чинь загнадаг уу?

-Өөрөө яваад очихоор загнадаггүй. Бохь зарж мөнгө цуглуулж байгаад сүү, гурилан идэх юм, шоколад аваад очдог.

-Тамхи татах уу?

-Татдаг. Одоо 5-6 жил болж байна.

-Ээж чинь чамайг гадуур явахаараа архи ууж, тамхи татдагийг мэдэх үү?

-Архи уудгийг мэдэхгүй. Тамхи татдагийг мэднэ.

-Цаашид чи тэнэсээр байх юм уу?

-Би долдугаар ангиа төгсөөд сургуулиасаа гарсан. Одоо би сургуульд ормоор байна. Хаягт ирэхээрээ бид шагай тоглоно, ном уншина. Замын хөдөлгөөний дүрэм, бичиг үсгийн сургалтад суудаг. Би онигоонд дуртай. Энд ирэхээрээ тв зоне, инфог их уншдаг. Тэгээд уншсан онигоогоо найзууддаа ярьж өгдөг.

-Том болоод ямар ажил хийх вэ?

-Барилгын туслах ажилтан болно. Цалин өндөр юм байна лээ.

Түүнийг гэрт нь хүргэж өгөхөөр явсан юм. Тэрбээр гэртээ харина гэж баярлаж, гэртээ харихаараа дахиж гарахгүй гэж амлаж байсан. Мөн замдаа таарсан дэлгүүрийг зааж, “ийшээ орвол дор хаяж 30 мянган төгрөгтэй гарч ирнэ дээ. Бохь зарахаар ашиг багатай байдаг юм. Харин дэлгүүрээс юм туучихаар амар” гэж ярьсан юм.

...Төмөр траншейнд дуугаа дуулаад

Тэнэмэл хүүхдүүд нойрсож байхад нь

Хаяг тогтоохийн машин ирээд

Хамаг байдгийг нь аваад явчихлаа

Тэнэмэл ч гэсэн хүний үр шүү дээ

Хаягт очоод усанд ороод

Хоолы нь идээд, заалны цонхоор оргоод явчих нь даа... гэж дуулсаар гэрт нь ирлээ.  

Би бүр итгэл алдарсан

Түүний ээж Э-гээс зарим зүйлийг тодрууллаа.

-Таны хүүхэд гэртээ тогтдоггүй юм байна. Таны зүгээс ямар арга хэмжээ авдаг вэ?

-Би одоо залхаж байна. Урьд араас нь хөөцөлдөж, их явдаг байсан. Хаяг тогтоох төвөөс зөндөө удаа очиж авсан. Ах эгч нар нь тусдаа гараагүй байхдаа өчнөөн хөөцөлдсөн. Одоо хүний юм харж байгаа болохоор гарч болохгүй юм. Утсаа байнга асаалттай байлгаж, ярих болов уу гэж хүлээдэг дээ.

-Гэртээ харивал дахиж гарахгүй гэж амлалт өгч ирсэн?

-Өчнөөн амладаг юм. Амлалт нь худлаа байдаг. Би итгэл алдарсан. Сургийг нь дуулах нь ээ, архи уугаад, тамхи татдаг гэсэн. “Миний хажууд ханьтай бай. Би хүний юм харж байна” гэхээр хаячихаад зугтчихдаг. Тэгээд би “За явчихлаа даа” гээд үлддэг дээ. Гэрт идэж угаад дутах юм алга. Гэтэл хорьж цагдаад гэртээ долоо л хонодог.

-Ээжийгээ санаад байна гэсэн?

-Намайг санаагүй. Гадуур тэнэж, архи уухаа санасан байх. Би бүр итгэхээ байсан. Хүний хүүхэд шиг байх үедээ байсан. Одоо хүн дандаа хулхиддаг муухай болсон байна.

Харин Хавираа “Таныгаа санасан. Би дахиж тэнэхгүй болъё. Одоо хангалттай” гээд ээждээ хөтлүүлээд орсон юм.

Бичсэн: amitaba | цаг: 03:09 | сурвалжлага
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax