Монголд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн тоо баримт зөрүүтэй байдаг
Дэлхийн хүн амын арав орчим хувь буюу 650 сая хүн хөгжлийн бэрхшээлтэй байдаг байна. Үүнээс 80 гаруй хувь нь ядуу буурай оронд амьдардаг бөгөөд хөгжлийн бэрхшээл болон ядуурлын хооронд нарийн уялдаа холбоо оршсоор байгаа юм. Тухайлбал хөгжиж буй оронд ажил эрхлэх насны тахир дутуу хүмүүсийн 80-90 хувь нь ажилгүй, үйлдвэржсэн оронд энэ тоо арай бага 50-70 хувийн хооронд хэлбэлздэг байна. Юнескогийн судалгаанаас харахад хөгжиж буй оронд амьдардаг хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн 90 хувь нь сургуульд сурдаггүй гэжээ. Тэдний боловсрол эзэмших эрх нь чамлалттай байгаагийн наад захын жишээ нь энэ юм. Манайд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн талаарх нэгдсэн судалгаа байхгүй. НХХЯ, ҮСГ, ЭМЯ-аас гаргаж буй тоон мэдээлэл зөрүүтэй байдаг. Тухайлбал ЭМЯ 115 мянган иргэн үүнээс Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн тоо сүүлийн гурван жилийн байдлаар 34 мянгаас 41 мянга болтлоо нэмэгдсэн . Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд нэмэгдэх болсон шалтгаан нь хотын агаарын бохирдол, хоол хүнс гээд олон хүчин зүйлсээс шалтгаалж байна гэлээ. Эхийн хэвлий дотроо ураг гажиж үүнээс улбаалаад хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд цөөнгүй төрж байна гэсэн судалгааг холбогдох газрууд нь хийжээ. Харин ҮСГ-аас 67 мянга гаруй иргэн байна гэлээ. Үүнээс 0-16 настай хүүхэд долоон мянгаад байна гэж судалгаандаа гаргажээ. Гэхдээ энэ тоо бас маргаантай. Судалгаанд хамрагдаагүй хүүхэд байгаа эсэхийг хэн ч мэдэхгүй. Мөн дээрх судалгаанууд хоорондоо дэндүү их зөрүүтэй байгаа юм. БСШУЯ-ны харъяа сонсголын бэрхшээлтэй хүүхдийн тусгай 29р сургуулийн захирал Ц.Гэлэгжамц “ Жил болгон аймаг аймагруу хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн тоог гаргахаар мэдэгдэл явуулдаг ч, тоо баримт зөрүүтэй байсаар байна. Үүнд нэгдсэн төлөвлөгөөтэй судалгаа хэрэгтэй. Мөн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн ихэнхи нь амьдралын боломжгүй учир тоо бүртгэлээс орхигдох тохиолдол бий. Үүнээс болоод хичнээн хүүхэд сурч чадахгүй байгааг бид мэдэхгүй” гэлээ.
Сургуульд хамрагдалт хангалтгүй
Монгол улсын боловсролын тогтолцоонд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг ердийн сургалттай болон тусгай сургалттай сургуульд сурах эрхтэйг нь заасан байна. Гэвч ердийн сургалттай сургуульд тэд суралцах нь цөөн, олонх нь тусгай сургуульд сурдаг. Нийтдээ зургаан тусгай сургууль байдаг бөгөөд улсын хэмжээнд хоёр нь үйл ажиллагаагаа явуулдаг байна. Үүнээс үзэхэд Орон нутагт хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд суурь боловсрол эзэмших боломж хязгаарлагдмал гэдэг нь харагдаж байгаа юм. . Нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг дөрвөн тусгай сургуульд нийтдээ 1000-аад хүүхэд сурдаг. Харин улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг хоёр сургуульд 700-аад хүүхэд сурч байна. Дээрх сургуулиуд нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн хэдэн хувийг хамруулж байгааг гаргахад хэцүү юм. Яагаад гэвэл манайд эдгээр хүүхдүүдийн талаарх нэгдсэн тоо баримт байхгүй гэдэгийг дахиад дурдчихъя. БСШУЯ-ны ерөнхий боловсролын газрын мэргэжилтэн Ж.Мягмар “Яам дээрх хүүхдүүдийн тоонд анхаарахаас илүү, одоо сурч буй хүүхдүүдийнхээ сурах орчин нөхцлийг бүрдүүлэхийг зорьдог. Тухайлбал харааны бэрхшээлтэй хүүхдэд барель ном, сонсголын бэрхшээлтэй хүүхдэд сонсголын аппарат, согог зүйн сайн багш хэрэгтэй ” гэлээ. Мөн дэлхийн банкнаас 400 мянган долларыг өгсөн бөгөөд эдгээр нь тусгай сургуулиудад мэргэжлийн кабинет байгуулахад ашиглаж байгаа юм байна. Тусгай сургуулийн багш нарыг хэрхэн бэлтгэдэг вэ? 90-ээд оноос өмнө багш нарыг ОХУ, Унгарт бэлтгэдэг байсан, нийтдээ 120-оод хүнийг сургажээ. Унгарын тусгай сургуулийн багш нарыг бэлтгэдэг сургууль нь дэлхийд дээгүүрт ордог бөгөөд манай багш нарын ихэнх нь унгарт бэлтгэгдсэн. Монголын анхны согог зүйч багш нарын нэг Д.Батхүү “Өнөө үед Тусгай багш нарыг бэлтгэх хүчний бодлого алдагдсан. МУБИС төгссөн оюутнуудаас сонгон авч, сургалтын арга зүйд сурган багшаар авдаг “ гэж хэлсэн юм. Мөн хотын боловсролын төвөөс жилдээ нэгээс хоёр удаа багш нарыг тусгай сургалтанд суулгадаг. Сэргээн засалтын үндэсний төвөөс хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллах багш нарыг бас мэргэшүүлдэг байна. Өнгөрсөн жилээс л МУБИС-д тусгай онолын 20 цагийн хичээл ордог болжээ. БСШУЯ-ны ерөнхий боловсролын газрын мэргэжилтэн Ж.Мягмараас яагаад тусгай сургуулийн багш нарыг гадаадад мэргэшүүлэхгүй байгаа талаар тодруулахад “Сүүлийн жилд тэнд очсон оюутнууд өөрсдөө мэргэжлээ их сольж байгаа. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллах хүсэл эрмэлзэлгүй болжээ. Үнэхээр чин хүсэлтэй оюутнууд байвал бид мэргэжлийн курст суулгаад, цааш нь мэргэшил дээшлүүлэх тал дээр анхаарна. Тэрнээс биш дургүй хүмүүсийг хүчлэх хэрэггүй гэж бодож байна. Гадаадын сургуулиудад тусгай багш сургах захиалга өгдөг ч хүмүүс хичээлээ орхисон тохиолдол их гарсан” гэлээ.