2010-04-01
Иргэний бүртгэлгүй хүүхэд ба хариуцлагагүй эцэг эх

       
     
Нүд нь аниатай, амаа томоос том ангайн, аягатай хоолоо амныхаа хажуугаар асган суух охиныг Ану-Үжин гэдэг. Нүдний бүтэц дутуу төрсөн түүнийг эх нь хотын захад амьдрах эмээ дээр нь орхижээ. “Эмч домчоор явахад мөнгө хэрэгтэй  болохоор гэртээ л байдаг юм. Хороо хориндоо бүртгэлгүй учираас тусламж ч ирдэггүй. Тэтгэврийн хэдхэн цаас, хааяа эх нь идэж уух юм авчирна. Ингэж л бид хоёр голоо зогоож байна даа ” гэж түүний эмээ О.Бадам ярилаа.

Охиныг эхийнхээ хэвлийд байхад, эцэг нь хаяад явжээ. Тэрээр одоо 7 настай ч, эмээгийнхээ гараас гараагүй байна. “Анук миний охин цамцаа өмс даарна” гэж эмээгээ хэлэхэд, анзаарсан шинжгүй гараа савлан, хоосон аягаа шиднэ…

Эцэгт нь энэ тухай хэлэхэд “ Миний удамд ийм хүн байхгүй. Энэ миний хүүхэд биш ” гэж үл ойшоосон байна. Охины ээж Б.Анхцэцэг: “Би мөнгө олох гэж нойр хоолгүй ажиллаж байна. Олсон хэдхэн цаас амьдралд хүрэхгүй юм. Аргаа барахдаа л ажил дээрээ /машин засварын газар ажилладаг/ хонож байхав дээ. Анукыг эмчлүүлэхийг боддог боловч хэнд хаана хандахаа мэдэхгүй байна. Тэглээч эмч, домчоос илүү, идэх хоолных нь мөнгийг олсон нь дээр ” гэлээ.   

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн /ХБХ/ 66.4% нь орлогын эх үүсвэргүй буюу амьжиргааны баталгаажих доод түвшингээс бага өрхөд амьдардаг гэсэн судалгаа байдаг. Гэвч амьдралын боломжгүй гэх нэрийн дор хүүхдээ үл тоомсорлосон байдал дээрх жишээнээс харагдаж байна. Хүүхэд нь хөгжлийн бэрхшээлтэй төрлөө гээд хотын захад аваачиж хаях, нийгмээс тусгаарлах, хүүхдээсээ ичих, миний хүүхэд биш гэж үзэх хандлага байсаар байгаагийн нэг илэрхийлэл юм. Иргэний үүргээ ухамсарлаад, хүүхдээ нийгэмшүүлж, боловсруулахын тулд  сэтгэл гаргах юм бол ХБХ-д туслах олон улсын болон дотоодын ТББ-ууд зөндөө байна. Тухайлбал: АИФО, Сэргээн засалтын үндэсний төв, Их Британы хүүхдийг ивээх сан, Дэлхийн зөн ОУБ, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхийн холбоо /ХБХЭЭХ/… гэх мэт. Хүүхдийн хөгжлийн бэрхшээл гол төлөв бага насанд нь илэрдэг ч ядуу нэрийн дор халхлагдах, эцэг эх, асран хамгаалагчийн хариуцлагагүй байдлын улмаас олон хүүхэд сэргээн засагдах боломжоо алдаж байна.

Өнгөрсөн сард “Дэлхийн зөн” ОУБ-ын тусламжаар ядуу иргэдийг иргэний үнэмлэхтэй болгох аян явагджээ. Тус аяны хүрээнд СХД-ийн нийт долоон хорооноос тус тус арван иргэн буюу нийтдээ 70 хүн хамрагдсан байна. Үүнд ХБИ хамрагдсан эсэхийг асуухад: “Яг манай хорооноос ХБХ хамрагдаагүй ээ. Бусад хорооноос ганц, хоёр гарсан сураг байсан. Гэхдээ ХБХ-үүд группын мөнгө авдаг болохоор хороондоо бүртгэлгүй байх үндэслэлгүй” гэж СХД-ийн 11-р хорооны ИБМ хариуцсан ажилтан Д.Батчимэг хэлсэн  юм.

Харин ХБХЭЭХ-ы зохицуулагч С.Хотхүү: “Бүртгэлгүй хүүхдүүд зөндөө байдаг. Тухайлбал: СБД-ийн тавдугаар хороонд гэхэд, хороо хориндоо бүртгэлтэй таван ХБХ байна гэсэн. Гэтэл  манай холбоонд бүртгэлтэй  тус хорооны ХБХ 10 байх жишээтэй. Энэ хоёрын хооронд таван хүүхдийн зөрүү гарч байна. Цаана нь хичнээн ХБХ бүртгэлгүй байгааг хэн ч мэдэхгүй. ХБХ группын мөнгө авдаг болохоор бүртгэлтэй байна гэж үзэж болохгүй. Тэр группын мөнгийг чинь тухайн хүүхдийн чадвар алдалтын хувь нь 50-аас дээш байж авдаг. Гэтэл манайд үүнээс доош чадвар алдалттай хүүхдүүд зөндөө байдаг ” гэлээ.

16 орчим настай гэмээр өндөр шар хүүхэд “Монгол хэл 4-р анги” гэсэн ном барин, ангируугаа орлоо. Түүнийг Э.Энх-Амгалан гэх бөгөөд Сонсголын бэрхшээлтэй хүүхдийн 29-р тусгай сургуулийн, нас хэтрэлттэй ангийн, дөрөвдүгээр ангийн сурагч. Аав нь түүнийг хоёр настай байхад нь мориноос унагчиж. Үүнээс болоод хүү цочиролд орон, хэлгүй болжээ. Гэрийнхэн нь хэнд, хаана хандахаа мэдэхгүй, бас хөгжлийн бэрхшээлтэй гэж сумандаа бүртгүүлээгүй байна. Ээж нь дүүг нь сургуульд оруулахаар аймаг орохдоо, хотод сонсголын бэрхшээлтэй хүүхдийн сургууль байдаг талаар сонсжээ. Ийнхүү Энх-Амгалан 12 настайдаа 29-р тусгай сургуулийн 1-р ангид орсон байна.

“Анх их ааш муутай, уурлахаараа сандлаа аваад шидчихдэг, зожиг хүү байсан. Удалгүй ангийнхандаа дасаж, их өөрчлөгдсөн. Одоо ангийн сайн сурагч төдийгүй, ангийн дарга. Мөн зураг зурах авъяастай. Сургуулиас зохион байгуулсан “миний эх орон” сэдэвт уран зургийн уралдаанд түрүүлсэн” гэж ангийн багш Б.Шүрэнцэцэг ярьсан юм.

                  Хүүхэд өсвөр нас бол хүний хөгжлийн маш чухал үе төдийгүй улс орны минь ирээдүй билээ. Гэтэл гэр бүлийн хэн нэгний хайхрамжгүй байдлаас болж, хүүхэд хөгжлийн бэрхшээлийн золиос болох ёсгүй. ҮСГ-ын 2004 оны судалгаагаар нийт ХБХ-ийн 70-аад хувь нь олдмол хөгжлийн бэрхшээлтэй байгаа нь ажиглагджээ. Үүнээс 60-аад хувь нь ердийн өвчний улмаас хөгжлийн бэрхшээлтэй болсныг судлан гаргасан.

Бичсэн: amitaba | цаг: 11:29 | өгүүллэг
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(4)
Сэтгэгдэл:


,,,
Баярлалаа. Би хичээж л явна даа.
Бичсэн: amitaba цаг: 18:16, 2011-06-30 | Холбоос | |


төр ийм хүүхдүүдэд энэрэнгүй хандах, цаашлаад юунаас болж ийм хүүхдүүд төрж байгаад судалгаа хийх хэрэгтэй,
ялангуяа нийгмийн ажилтнууд энэ талаар тодорхой судалгаа хийж нийгэмд энэ талаар асуудал гаргаж ирэх хэрэгтэй гэж бодож байна, мөнгөн ус, химийн хортой бодис, эх нь жирэмсэн үедээ буруу эм хэрэглэх гээд энэ бүхнээс болж ямар ч гэмгүй хүүхэд хохирч байна. Дүү чи нийгмийн төлөө хүний төлөө олон сайхан нийтлэл оруулсан байна, хүний төлөө сэтгэл зүрхээ зориулж явна гэдэг хүнд байдаг хамгийн сайхан чанар шүү, үүнийгээ улам өнгөлж яюаарай, амжилт хүсье.
Бичсэн: Би зүгээр л бичмээр байна цаг: 21:39, 2011-06-22 | Холбоос | |


гоё сургууль
Сэтгэгдэл үлдээсэнд баярлалаа
Дэлгэрэнгүй мэдээлэл хэлж байгаарай
Надад танай сургуулийн талаар мэдэхгүй юм их байгаа
Бичсэн: Зочин (зочин) цаг: 09:05, 2010-09-23 | Холбоос | |


manai surguuli gogo surguuli sh dee bi surgulidaa ih hairtai
хайртай
Бичсэн: Зочин цаг: 22:47, 2010-09-21 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax