2010-07-30
Монголын яруу найраг хэдхэн хүний нөлөөнд автсан



Монголын яруу найраг хэдхэн хүний нөлөөнд автсан

Сэтгүүлч, яруу найрагч, “Алтаргана 2010” олон улсын яруу найргийн наадмын хоёрдугаар байрын шагналт, СТА Д.Ган-Очиртой ярилцлаа.

-       “Алтаргана 2010” олон улсын яруу найргийн наадам хэр болов?

-       Буриад хэлтний яруу найргийн наадам уламжлал ёсоороо сайхан боллоо. Монгол овог үндэстний буриад ястангууд маань ингэж сайхан нэгдэн, хэдий хилийн цаана амьдарч байгаа ч туурга, хэл соёл нэгтэй ард түмэн маань эзэн богд Чингис хааны өв их нутагт хуран цуглаж, баярлаж наадна гэдэг гайхалтай. Даяаршиж буй энэ цаг үед эх хэлээ устах аюулаас аварч,  дахин сэргээж, батжуулж байгаагийн гол илрэл нь Буриад зон олны хэлний гайхамшиг болсон яруу найргийн наадам гэж боддог. Монгол, Орос,  Хятадын өнцөг булан бүрээс ирсэн 50 гаруй буриад яруу найрагчид оролцлоо. Энэ наадамд би халх хэл дээрээ бичсэн шүлгүүдээ буриад галигруу оруулж, өөрөө чадан ядан уншсан юм. Ээж маань хойноос орж ирсэн оросын буриадуудын нэг. Мөн би Дорнод аймгийн Цагаан овоо гэх буриад нутагт төрсөн учраас Буриад хэл соёлдоо хайртай. Болж өгвөл гэр орондоо ч гэсэн ярихыг хичээдэг. Буриад хэл соёлоо түгээн дэлгэрүүлэх их үйлст өөрийн хувь нэмрийг оруулж явна гэж боддог. Тэр утгаараа би саяхан “Миний ирсэний учир” нэртэй монгол, орос, буриад хэл, монгол бичигрүү хэдэн шүлгээ орчуулаад, эмхтгээд гаргасан.

-       Яруу найргийн наадамд оролцоход өрсөлдөгчид хэр байсан бэ. Анх удаа энэ наадамд оролцсон уу?

-       Урд нь үзэж байсан боловч оролцож байгаагүй. Энэ жил “Алтарган 2010” олон улсын яруу найргийн наадамд анх удаа оролцсон. Миний хамгийн гол өрсөлдөгч гэвэл Хэнтийн яруу найрагч Б.Энхжаргал, Б.Батхүү, Д.Гансүрэн нар байсан. Тэдний уншсан шүлгүүд мундаг, сайн байлаа. Харин Орос, Хятадаас ирсэн буриадууд шүлэг гэхээсээ илүү ардын ерөөл, магтаал маягийн сул шүлгүүд унших шиг санагдсан. Манай Б.Энхжаргал ахын шүлгүүд мундаг байсан. Хэнтийн Батширээтийн буриад яруу найрагч Н.Нямдорж гуайг залгамжлан гарч ирж байгаа гайхамшигтай яруу найрагч ах минь байгаа юм. Гэвч түүний шүлгүүд шүүгчдийн үнэлэмжээр тусгай байрт орсон. Энэ сайхан Хэнтийн гурван яруу найрагчтай шүлгэн хүлгэн тоосоо өргөж, оюун билгээр өрсөлдсөндөө баяртай байна.

-       “Алтаргана 2010” олон улсын яруу найргийн наадмын ялагч В.Цыреторовагийн шүлгүүд ямар байв?

-       Надад нэг их таалагдаагүй. Зүгээр ерөөлөрхүү, жаахан охины сэтгэгдэл санагдсан. Надаас давуу тал нь буриад нутагтаа, буриад хэлээрээ ярьж байгаа учраас аялгуу сайн байсан болохоос биш, сайн шүлгүүд гэж бодохгүй байна.

-       Та шүлэгнийхээ санааг яаж олдог вэ?

-       Амьдрал дундаас л олно шүү дээ. Зүгээр дээшээ харан сууж байгаад зохионо гэж байхгүй. Нэг үйл явдлаас сэдэвлэнэ. Тухайлбал “Дорнод нутгийн хүлэг минь” шүлгээ зохиохдоо найзаараа өвөөгийнх нь амьдралыг яриулсан. Тэгээд тэндээс санаагаа олсон. Миний эргэн тойронд буй бүх юм надад уран бүтээлийн сэдэв болдог. Тиймээс сэдэв, санаа бол хязгааргүй юм. Тэрийг барьж бичнэ гэдэг бас амаргүй ажил л даа. Харин Оюун сэтгэхүйгээр баялаг оронд, би оюун санааны ядуурал, туйлд орно гэж байхгүй.

-       Анх хэзээнээс шүлэг бичиж эхлэсэн бэ?

-       Хүүхдийн пионерийн зусланд байхад шүлгийн тэмцээн боллоо. Манай бүлгийн багш “чи шүлэг уншдаг юм чинь, бичиж л таараа” гээд намайг хүчээр тэр тэмцээнд оруулсан юм. Тэгээд арга буюу “Гацуурхан бүлэг сайхан шүү, Олон охидтой танилцлаа, Олон сайхан дуу сурлаа” гэсэн юм анх бичиж байлаа. Үүнээс 10 мөнгөний шугам, нэг гастукаар шагнуулаад урамшсан. Миний бичсэн юмыг үнэлж байна, ингээд бичээд байх юм бол шагнал авах юм байна гэж бодоод есөн настайгаасаа шүлэг бичсэн дээ. н.Даваасүрэн, Д.Батдэлгэр багш нар маань уран зохиолын бүлгэм, дугуйланд оруулж, шүлэг зохиол бичүүлсээр байгаад намайг уран зохиол, яруу найрагт эргэлт буцалтгүйгээр донтон оруулсан. Цэвэр яруу найргийн багш гэх юм бол эрэн цагийн эвдрэшгүй агуу их яруу найрагч  Д.Нямсүрэн, Т.Содномнамжил, Ж.Болд-Эрдэнэ, Ш.Уянга гээд монголын мөнгөн үеийн гайхамшигтай ах нартайгаа нөхөрлөж, дагаж, гүйж, сонсож, ажил амьдралд нь хамт явж, сайхан яруу найраг гэдгийг мэдэрсэн дээ.

-       Таныг дууны шүлгийн мастер гэдэг. Рок попынхон, тэр дундаа “Камертон” хамтлагийн нэлээд дууг бичжээ. Таны анхны дуу гэвэл?

-       Олонд хүрсэн анхны дуу бол “Никитон”-ы “Цамцаа тайл” , “Камертон”-ы “Явах цаг боллоо”, Т.Ариунаагийн “Хуучраагүй жийнс”. Нийтдээ 200-аад дууны шүлэг бичсэн байна лээ. Сүүлд “Tv cokctail-ийнхэний инээдмийн киноны дуу, “Дорнод нутгийн хүлэг минь” гэх зүүн бүсийн их хурдад зориулсан дууг хийлээ. Миний хамгийн гайхамшигтай дуу гэвэл “Санахын жаргал” юм даа. Харин Д.Болдын дуулсан “Захиа” нэртэй дуу чинь би зүгээр л эхнэртэй бичсэн захиагаа өгсөн, тэгээд л олонд хүрсэн дуу болох жишээтэй.  Нэг удаа “Hero-гийн Б.Баатартай таараад, юу байна гэсэн чинь “Чиний дууны шүлгүүдээр клип хийх гэж ядарч явна” гэж намайг инээлгэж билээ.

-       Дууны шүлэг бичдэг яруу найрагч маань сүүлийн үед үргэлжилсэн үгийн зохиол бичиж байгаа гэсэн?

-       Үргэлжилсэн үгийн зохиол бичиж байгаа. Дэлгэрэнгүй мэдээллийг гарсных нь дараа хэлье. Бас сэтгүүл зүйн хөргийн ном бичиж байгаа. Би 1993-2003 он хүртэл яг сэтгүүл зүйгээр дагнаж ажилласан. Энэ арван жилийн хугацаанд траншейны хүүхдээс авхуулаад МУ-ын ерөнхийлөгч хүртэл хүмүүстэй ярилцлага хийжээ. Ярицлага авсан мундаг, мундаг хүмүүсийн зарим нь бурхан болсон байна. Цаг хугацаа өнгөрөх тусам үнэлэгдэх болов уу гэж бодоод хадгалаад байгаа юм. Яарах юу байхав бэлэн юмыг ном болгож амжина.

-       Сэтгүүл зүйн ямар салбарт сэтгүүлчээр ажиллаж байсан бэ?

-       Хүмүүс “Ардын эрх”, “Засгийн газрын мэдээ” зэрэг том том сонингуудад ажилладаг байсан. Харин би тэр үед чөлөөт сониныг сонгосон. “Толь”, “Маш нууц”, Б.Галсансүхтэй хамтарч “Амрах агшин” сонинг гаргаж байлаа. Өөрөө бие даагаад “Том мэдээ” сонинг ч гаргасан. Тэрнээс биш нэр төр хөөцөлдөөд, телевизээр гараад, том сонингууд дээр материал бичих боломж байсан л даа. Сэтгүүл зүйн сайн мууг үзье, шар бор тогоонд нь чанагдая гэж бодсон. Тэгээд хүмүүсийн “Шар хэвлэл” гэж  адлаад байдаг хэвлэлтэй анхнаасаа зууралдсан юм. Тэр үед аливаа сэдвээр дагнаж, юу хийж болмоор байна бүгдийг хийлээ. Сонин хийхэд ямар процедур байна, бүгдийг нь хийж явж дээ. Энэ нь ч зөв болсон. Тэрнээс биш ерөнхий сайд, ерөнхийлөгчийг дагаад сэтгүүлчид явдаг. Дагасан юмаа хараад хэн ч бичнэ шүү дээ. Арван жилийн хүүхэд ч зохион бичлэг хийж ч чадна. Тийм бэлэн юм хийхийн оронд өөрөө эрэн сурвалжлаад, нэг сэдвээр дагнаад юм бичсэн нь дээр. Үүнээс болж шүүх цагдаад мөн ч их дуудагдсандаа. С.Зоригийн амийг бүрэлгэсэн хэргээр дагнан эрэн сурвалжилсан сэтгүүл зүй маягаар явсан. Тэр зүйл маань тухайн үедээ олон сенсацийг дэгдээж, олон ч номонд орсон байдаг. Яг арав дугаар сарын 2-нд түүнийг нас барахад, 3-ны өглөө диктафон, зургийн аппараттайгаа ордон дотор зогсож байлаа.

-       Та сэтгүүлч, яруу найрагч мэргэжилтэй. Сэтгүүлч, яруу найрагч хүний ялгаа нь юу вэ?

-       Сэтгүүлч хүн бодитой зүйлийг бодитойгоор бичих ёстой. Харин яруу найрагч хүн ургуулан бодож, ажиглалт хийж, дотроо боловсруулаад, хамгийн сүүлд өөрийн дүгнэлт, уран зөгнөл, авьяас билгээ оруулж байж ном болгон хүмүүст хүргэдэг. Бодитой зүйлийг бодит бус болгон нэг хөрвүүлээд, хүмүүсийн нүдэн дээр бодитой юм шиг харуулах нь л зохиолч, яруу найрагч хүний онцлог юм даа.

-       Монголын яруу найргийн хөгжлийн талаарх таны бодол?

-       Яруу найргийн хөгжил гэж ярьмааргүй байдаг. Яруу найргийн сэтгэхүйн задаргаа хаана байна, яруу найргийн түвшин хэр байна гэж ярих дуртай. Материаллаг талаасаа манай хөгжил сайн. Зохиолчид өөрийн блогтой, өөрийн номуудаа хэвлэн гаргаж байна. Улаанбаатар хотод нэг хэсэг номын дэлгүүр гэж байхгүй байлаа. Одоо номын дэлгүүр цэцэглэж байна аа. Улс орон хөгжихийн хэрээр хүмүүс идэх талхаа биш ном боддог цаг ирсэн. Харин оюун сэтгэхүйн хувьд гайгүй хөгжиж байгаад зогсонги байдалд орох шиг боллоо. Ерөнхийдөө хуулбарлах болон хэд хэдэн хүмүүсийн нөлөөнд автчихсан. Тухайлбал Б.Лхагвасүрэн, Д.Нямсүрэн, О.Дашбалбар зэрэг том том, мундаг, монголын сод яруу найрагчдын нөлөөнд орсон байна. Үүнээс болоод өөрөө өөрийгөө таньж чадахгүй, даган баясах хандлага бий болсон. Багшаа гэж болно гэхдээ нэг хүнийг уншиж, хэт шүтсэнээс болоод тэр хүнийхээ нөлөөнд автчихдаг юм. Уншихаар багшийх нь шүлэг мэт санагдах шиг. Хүнд өөрийн анхны сэтгэхүй гэж заавал байдаг. Түүнийгээ л олох хэрэгтэй. Хүн өөрийгөө насан туршдаа эрж хайдаг юм гэнэ лээ. Агуу, сонгодог болох гээд дүр эсгэж, сүржигнэх хэрэггүй. Харин өөрийн төрөлх араншингаараа байж чадсан хүн л өөрийгөө хэн бэ гэдгийг харуулж чаддаг.

-       Зохиолч, яруу найрагч Г.Аюурзана монголд Л.Өлзийтөгсөөс өөр яруу найрагч байхгүй гэж байсан. Энэ талаарх таны бодол?

-        Тэр хүний бодол өөрөө өөртэй л зөв. Гэхдээ Аюур ах бол их уншсан, мэдсэн, хийсэн бүтээсэн нь гайхамшигтай хүн. Гэвч өгүүлэх үгүйсгэлээ, үгүйсгэхийн хувьд хоёр талтай. Монголд яруу найрагчид байна. Энэ нь гарын таван хуруунд багтах цөөхөн. Миний өчүүхэн тархины шүүлтүүрээр1990-ээд оноос хойшхи өөрийн үеийн яруу найрагчийг нэрлэвэл тав, зургаан яруу найрагч байна. Би Өлзий эгчийг үгүйсгэж байгаа юм биш. Тэр хүн бол монголын шинэ үеийн яруу найрагт ч, эмэгтэй хүний хувьд ч том үзэгдэл, том яруу найрагч гэдгийг би хүлээн зөвшөөрнө. Аюур ахын уншиж, бүтээсэн цараар бодвол өчүүхэн миний үнэмлэмж өөр юм.

-       Ном, шүлэг бичих гээд л энэ их ажлын хажуугаар хүүхдүүддээ хэрхэн анхаарал хандуулаг бэ?

-       Би хүүхдүүдийнхээ сайн аав. Тэрийг хаана ч хэлнэ шүү. Хоёр хүүхдээ хичээл номноос нь авна. Хааяа амралтын өдрүүдэд хоол хийж өгдөг. Хөрөгчөө дүүргэчихнэ, ус тогныхоо мөнгийг тушаачихна. Эрэгтэй хүн заавал гэртээ очоод, дээшээ хараад, удирдлага тэврээд хэвтээд байх хэрэггүй шүү дээ. Би лав гэртээ гэр орны ажлаа хийгээд юм бодоод, гэртээ байх үнэхээр дуртай. Би гадуур тэнэх дургүй, найз нөхдөө гэртээ дуудчихдаг. Тэдэнтэйгээ өдөржин шөнөжин утга зохиол, урлаг, уран сайхан ярьж, ном хаялцаж, сонгодгуудын амьдрал уран бүтээлийг ярилцах дуртай. Зүгээр нэг сайхан буу халдаг даа. Гэхдээ үр хүүхдийнхээ дэргэд архидаад, хүн хөглөрүүлээд, тамхи татаад, хог шороо тариад, хүүхдээ хөөгөөд байдаггүй. Гэрт байх зарчим гэж бий. Гэртээ тамхи татуулахгүй, муухай үг хэлүүлэхгүй, хог тариулахгүй.  Тортой юмтай орж ирсэн бол эргүүлээд л хогоо аваад гардаг. Мөн хүүхдээ архи тамхинд гүйлгэдэг хүмүүсийг би үзэн яддаг. Ганц дургүй юм тэр. Эр хүн шиг ноён нуруутай байхад хүнд хэмжээ хязгаар гэж бий шүү дээ. 

-       Орчин үеийн хүүхдүүдийг ёс суртахуун, хүмүүжилгүй гэж шүүмжилдэг. Та хүүхдээ яаж хүмүүжүүлдэг юм бол?

-       Би юмыг байгаагаар нь байлгах дуртай. Өөрөө юунд дуртай байна сонирхлыг нь дагана. Гэхдээ хүүхдэд их мөнгө өгч даврааж, тансаглуулахгүй. Охин минь кино үзье гэхэд нь яг таарсан мөнгө өгдөг. Зарим хүмүүс их мөнгө өгөснөө, эцгийн үүргээ гүйцэтгэсэн юм шиг санадаг. Энэ чинь буруу шүү дээ. Би лав багадаа чардайж өссөн. Манай аав ээж намайг яг л хэмжээ бариулж өсгөсөн. Ер нь хүүхдийг чанга гараар өсгөх хэрэгтэй. Чанга гээд зодохыг хэлээгүй шүү. Би хүүхдийнхээ хажууд сууж, одоо хичээлээ хий гэдэггүй. Өөрөө сур. Харин шаардлага тавина. “Танай ангийнхан ямар түвшинд байна, чи яагаад тэнд хүрч чадахгүй байгаа юм. Ичээч” гэх мэтээр харьцуулах маягаар хүмүүжүүлдэг. Оймс урагдчихсан гэвэл өөрөө оё, өөрөө хувцсаа угаа, индүүд гэж өөрийнх юмыг өөрсдөөр нь хийлгэдэг. Хүүгээ ганц хоёр шанаа аваад ирвэл юм хэлэхгүй. Би насаараа тэднийг өмөөрч чадахгүй шүү дээ. Заримдаа охин хүүхэдтэй маргалдаад ирдэг. Нийгэм тийм шүү дээ. Тэд амьдралыг мэдрэх хэрэгтэй. Хүүхдийг эрхлүүлээд байхаар улам наялхардаг юм. Тиймээс багаас нь амьдралтай танилцуулах хэрэгтэй. Зарим нь үнэтэй гадаад хэлний сургуульд хүүхдээ сургаж, яг тэр орчинд нь вакумжуулаад, нийгмээс тусгаарлаад байх юм. Эсвэл багаас нь гадаад хэл сургаж, хүүхдийг монгол хэлний язгуураас нь салгадаг. Манай найзын хүүхэд багаасаа гадаад хэл үзээд, одоо монгол хэлний дуудлагаа алдсан байна лээ. Сүхбаатар гэдэг нэрийг Сухбатар гэж дуудаж байна шүү дээ. Ингэж хүүхдийн сэтгэхүйг зэрэмдэглэж, доголон болгож болохгүй.

-       Сэтгэхүйгээ зэрэмдэглүүлэхгүйн тулд эх хэлээ яаж хамгаалах вэ?

-       Гадаад хэл сурахаасаа өмнө эхлээд монгол хэлээрээ сайхан ярьж сурах хэрэгтэй. Монгол хэлний нэвтрүүлэг ганцхан “Боловсрол” сувгаар гарч байна. Телевизүүд монгол хэлний хамгийн том дайсан юм. Ялангуяа хөгжмийн сувгууд гадаад, монгол хэлийг хооронд нь хольж ярина. Зөв ярьж, зөв уншиж чадахгүй хүмүүс хэрэглээний 15-хан мянган үгэнд дотор эргэлдэх юм. Манай хэлний үгийн сан арвин баялаг учраас мундаг сайхан үгүүдээр ярих хэрэгтэй. Т.Галсан гуай шиг ярьж сурах хэрэгтэй. Багш нарын хурал дээр нэг хүн монгол хэл, уран зохиолын хичээлийн цагийг хасая гэж дургүй хүргээд. Юу гэсэн үг вэ, тэгэх л юм бол монголчууд бид монголоо алдана. Аливаа улсыг мэдэхийн тулд хэл, утга зохиолыг нь судал гэдэг. З.Дорж “Хил, хэл, мал гуравтайгаа байвал хэн баян, монгол баян” гэж хэлсэн байдаг. Харин ч эх хэлэндээ асар их ач холбогдол өгч, монгол хэл, монгол бичиг, яруу найраг, утга зохиолын том том баяруудыг хийх хэрэгтэй. Мөн гадаад дуу хэн сайн дуулах вэ гэхийн оронд “Монгол дуугаа хэн сайн дуулах вэ” гэдэг дууны тэмцээн зохиож болно шүү дээ.




Бичсэн: amitaba | цаг: 14:32 | ярилцлага
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(3)
Сэтгэгдэл:


Өчүүхэн гэсэн чинь юу гэсэн үгэв? нээрээ их хөдөлмөр шүү..... smug
Бичсэн: luna цаг: 14:52, 2010-08-02 | Холбоос | |


bayrlalaa
uchuuhen zutgeliig min unelj uram ugsund bayrlalaa
Бичсэн: amitaba цаг: 10:07, 2010-08-02 | Холбоос | |


Схан ярилцлага бна... гоё шүү
Үнэхээр их баярлалаа хө....
Бичсэн: luna цаг: 13:38, 2010-08-01 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax