2010-08-17
Чингис гэхээр жаахан мэдэж байсан

Өнгөрсөн сарын 14-24 хооронд АНУ-ын Лас Вегаст олон улсын сонсголын бэрхшээлтэй миссийн тэмцээн болсон. Үүнд эх орноо төлөөлж  Монголын анхны сонсголын бэрхшээлтэй мисс Б.Алтансоёмбо оролцсон юм. Тэрбээр америкаас ирээд удаагүй байхад нь түүний ээжээр орчуулуулан, ярилцлаа. 

-Олон улсын сонсголын бэрхшээлтэй миссийн тэмцээнд оролцоод ирлээ. Сэтгэгдэл хэр байна?

-Монголд анх удаа сонсголын бэрхшээлтэй миссийн тэмцээн болж, би эх орноо төлөөлөн олон улсын тэмцээнд оролцлоо. Өглөө долоон цагаас орой 11 хүртэл цагийн хуваарийн дагуу 10 хоногийн турш өрсөлдөж, нөхөрлөсөн. Анх удаа эх орноо төлөөлж тэмцээнд оролцлоо. Дараагийн гоо бүсгүйчүүддээ үүд хаалгыг нь нээж өгсөн гэж бодож байна. Дараа дараагийн тэмцээнд олон хүмүүс орох байх. Сэтгэл өндөр байна.

-Цагийн хуваарьт ямар ямар үйл ажиллагаа байсан бэ?

-10 хоногийн дотор олон төрлийн тэмцээн зохион байгуулсан юм. Авьяас, алхаа, гоёлын даашинз, асуулт хариултын тэмцээн гээд л өдөрт нэг тэмцээн болно. Мөн аялал, зугаалга, өөрийн улсаа сурталчилсан экспо үзэсгэлэнд оролцсон. Улсаа сурталчилсан үзэсгэлэнд үндэсний ёс заншлын эд зүйлс авч явж, зарсан. (Гар урлал, гэрийн макет) Харин цагийн зөрүүний ялгаанаас болоод жаахан ядарсан.  

-Асуулт хариултын тэмцээн дээр ямар асуулт ирсэн бэ?

-Ирээдүйн төлөвлөгөө чинь юу вэ гэж асуусан. Би “Сургуулиа энэ жил төгссөн. Өөртэйгөө адил сонсголын бэрхшээлтэй хүүхдүүдэд багшилна. Нэртэй,  дизайнер болно гэсэн мөрөөдөлтэй. Оройгоор Урлах Эрдмийн дээд сургуульд сурна” гэж хариулсан. 

 -Авьяасын тэмцээнд оролцогчид ямар авьяас үзүүлсэн бол?

-Бусад орны миссүүд дуулах, реп бүжиглэх, зурах авьяасаа сонирхуулсан. Ихэнх нь бүжиглэсэн дээ.  Цэнгээнт бүжиг ганцаараа бүжиглэсэн мисс ч байлаа. Би  монгол бүжиг бүжиглэсэн. Бүжиглэчээд гялс яваад орчихсон.

-Сандарч байв уу?

-Тайван, өөртөө итгэлтэй байсан. Ерөөсөө сандрах юм гараагүй. Олон улсын сонсголын бэрхшээлтэй миссийн тэмцээнд тор-10 бүсгүйчүүдийн нэг болсон.

-Хэдэн орны мисс оролцов. Тэдний онцлог юу байв?

-Дэлхийн 40 гаруй орны мисс оролцсон. 18-30 хүртэлх насныхан байлаа. Хамгийн хөгшин нь 28 настай. Тэд оюутан, багш, зураач, компьютерийн ажилтан бүсгүйчүүд байсан. Энэ тэмцээнд орсон хүн дахиж орж болдог юм байна лээ. Олон улсын сонсголын бэрхшээлтэй мисс болсон Францын бүсгүй гурав дахь удаагаа оролцоод энэ жил түрүүлсэн.

-Тэмцээнд оролцогчидтойгоо харилцахад ямар нэгэн бэрхшээл гарсан уу?

-Олон улсын дохио гэж бий. Тэрүүгээр хоорондоо харилцсан. Эндээс явахдаа олон улсын дохиог заалгасан. Би өмнө нь бас мэддэг байсан юм. Зарим дохио нь монголтой адил байдаг.

-Тэмцээний оноог хэрхэн дүгнэж байсан бэ?

-Тэмцээний оноог дор дор нь хэлдэггүй юм билээ.  Дүгнээд л эцсийн мөчид хэлсэн. Уг нь ил тод явбал зүгээр санагдсан.

-Аль орны мисстэй илүү дотно нөхөрлөсөн  бэ?

-Панам, Бразилын миссүүдтэй дотно найзууд болсон. Тэд хөөрхөн, боловсон охидууд. Нийт оролцогчидтой мэйл хаягаа солилцож, одоо холбоотой байгаа.

-Энэ жил анх удаа олон улсын тэмцээнд оролцсон. Хүмүүс хэрхэн хүлээж авсан бол?

-Тэмцээнд оролцогчид анх удаа Монгол үндэстний хувцас үзэж байна. Их гоё юм гэж сонирхсон. Бараг мисс болгон л “Монгол хаана байдаг вэ. Монгол гэж улс байдаг юм уу” гэж асууж байна лээ. Чингис гэж хэлэхэд жаахан мэдэж байсан.

-Тэгэж асуухад ямар сэтгэгдэл төрсөн бэ?

-Үндэсний хувцсаараа их бахархсан. Тэдэнд үнэхээр их таалагдсан шүү.

- Олон улсын сонсголын бэрхшээлтэй миссийн тэмцээнд дахин орж болдог гэсэн. Чи дараа жил оролцох уу?

-Би Монголын сонсголын бэрхшээлтэй мисс, өөрийн титэмээ дараагийн хүндээ шилжүүлдэг дүрэмтэй учраас сайн мэдэхгүй байна.

-Хэдэн шүүгчтэй байсан бэ. Шүүгчид нь сонсголын бэрхшээлтэй юу?

 -Хятадаас нэг, ихэнх нь америк шүүгчид байсан. Эхлээд тав дараа нь нэмэгдээд 15 орчим шүүгч шүүсэн. Ихэнх нь сонсголын бэрхшээлтэй хүмүүс.

-Тэмцээнд оролцоход ямар бэрхшээл тулгарч байсан бэ?

-Виз гарахгүй их сандарсан. Онгоцны билетээ авсан ч виз гардаггүй. Тэгээд билетээ хойшлуулсан. Буурай хөгжилтэй орнуудын оролцогчдод виз өгөх дургүй юм шиг санагдсан. Мөн тэмцээнд ороход минь дэмжих болов уу гээд УИХ-ын гишүүн Л.Гантөмөр, ерөнхий сайд Сү.Батболд, Т.Ганди сайд, ХБИ-ийн параолимпын аварга Д.Баатаржав зэрэг хүнд хандсан. Туслах боломжгүй гэж байсан. Заримаас нь хариу ирээгүй. Харин 2008 оны мисс Анун надад гоёлын даашинзуудаа өгсөн. “Сэтгэлийн дэм” сангаас зохион байгуулсан учир, нэлээд тусалж, дэмжсэн.  

-Америк оронтой танилцсан сэтгэгдлээ хуваалцаач?

- Лос-Анжелос, Сан-Франциско, Лас Вегас гээд зөндөө газар үзсэн. Сонсголын бэрхшээлтэй хүүхдэд зориулсан сургуультай танилцаж, сурах боломж хэр байгааг судаллаа. Багш нартай нь ярилцсан. Тэд бас дүлий хүмүүс байсан юм. Америкт цэцэрлэгээс нь эхлээд сонсголын бэрхшээлтэй багш нар заадаг юм байна лээ. Дүлий хүмүүст зориулсан их сургууль ч байдаг. Монголд тийм сургууль байвал зүгээр санагдсан. Ийм хүмүүсийн сургуульд суралцах сонирхол бидэнд бий. Монголын их дээд сургуулийн багш нартай харьцахад хэцүү. Дохио мэддэггүй шүү дээ.

-МУБИС-ыг өнгөрсөн хавар төгссөн. Анх их сургуульд ороход ангийнхан чинь хэрхэн хүлээж авсан бэ?

- Би оёх, зурах авьяастай учраас МУБИС-ын техник урлалын ангид орсон. Хичээлийн эхний өдөр ангийхандаа дохионы үсэг хэвлэж, тарааж өгсөн юм. Тэд намайг дотно хүлээж авсан. Их сургуулиа төгсөхөд манай ангийнхан бүгд дохионы хэл сурчихсан байлаа. Тэд багш нар ойлгохгүй үед орчуулж өгдөг байсан.

-Зарим сонсголын бэрхшээлтэй хүүхдүүд жил, хоёр жил бэлдэж байж их сургуульд ордог. Чиний хувьд?

-Дунд сургуулиа төгссөн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд саяхнаас суурь боловсролын үнэмлэх олгож, ерөнхий шалгалтад орох эрхтэй болгосон юм. Би дунд сургуулиа төгсдөг жилээ, шалгалт өгөөд МУБИС-т орсон.

-Ерөнхий шалгалтад ямар нэг хөнгөлөлт үзүүлсэн үү?

- Их сургуульд элсэхэд шалгалт яг адилхан юм билээ. Ямар нэгэн хөнгөлөлт гэж байхгүй. Би математикийн шалгалтад 688 оноо авч, өөрийн чадлаараа сургуульдаа орсон. Манай сургууль шилдэг оюутнуудаа 50-150 мянгаар шагнадаг байлаа. Түүнд нь хамрагдсан. Дипломоо ч сайн хамгаалсан.





Бичсэн: amitaba | цаг: 18:02 | ярилцлага
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(6)
Сэтгэгдэл:


Баярлалаа

Итгэл хайралсанд талархая
Бичсэн: Амитаба (зочин) цаг: 10:34, 2010-10-29 | Холбоос | |


zochin
saihan bichleg boljee. iim helgui dulii hunii yariltslag ter bolgon garaad bdaggui. iimerhuu humuustei oirhon ajildag buyantai setguulch hun bna a ta. ted ch gesen haaya haaya oorsdiigoo busdad bgaa yumaaraa baharah heregtei gej bodoj bna. ene ohinoor bas baharhaj bna. tsaashid uunees iluu ih amjilt gargaarai gej husie.
Бичсэн: Зочин цаг: 20:12, 2010-10-28 | Холбоос | |


жигүүрт
Жигүүр чи намайг хэт их магтаж байна шүү
Бичсэн: амитаба (зочин) цаг: 12:50, 2010-08-18 | Холбоос | |


Баярлалаа
Баярлалаа, өчүүхэн зүтгэлийг минь үнэлсэнд
Бичсэн: амитаба (зочин) цаг: 12:46, 2010-08-18 | Холбоос | |


гоё сурвалжлага бна шүү...
сэтгүүлч юм уу...
Бичсэн: luna цаг: 19:05, 2010-08-17 | Холбоос | |


Мундаг юмөө алга ташилт алга ташилт алга ташилт
Бичсэн: Хүслийнжигүүр цаг: 19:05, 2010-08-17 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax