2010-11-04
Би сургуульд их зүйл сурсан

Нэгэн хүү цонхон талын ширээнд сууж, хуруугаараа барель үсгээ тэмтчин багшийнхаа хэлсэн өгүүлбэрийг бичнэ.  “Сайн уу” гэж мэндлэхэд “Good afternoon” хэмээн инээмсэглэн хариулах хүүг Б.Дашням гэдэг. Тэрбээр “Би энэ жилээс англи хэл сурч байгаа. What is your name?” гэж миний нэрийг асуулаа. Төрөлхийн 00 хараатай төрсөн түүнийг зургаан настайд нь харааны бэрхшээлтэй хүүхдийн сургуульд явуулжээ. Тэрбээр одоо тус сургуулийн V ангид суралцдаг. Б.Дашнямаас зарим зүйлийг тодрууллаа.

-Сургуульд сурах ямар байна?

-Гоё. Надад их таалагдаж байгаа. Анх энэ сургуульд орж ирэхдээ нэг их ярьдаггүй байсан. Барель бичиг сурахад хэцүү байлаа. Би сургуульд ороод их юм сурсан. Төгөлдөр хуур тоглож, сурч байгаа.

-Дотуур байрандаа хэдүүлээ байдаг вэ. Гэрээ санадаг уу?

- Би тав дахь өдөр гэрлүүгээ яваад нэг дэхэд ирдэг болохоор гэрээ санадаггүй. Өрөөндөө зургуулаа байдаг. Наймдугаар ангийн нэг ах бий. Тэр бидэнд их тусалдаг.

-Хичээл нь хэр байна. Ямар хичээлд дуртай вэ?

-Хичээл дажгүй ээ. Би бүх хичээлдээ дуртай. Надад дургүй хичээл гэж байхгүй. Энэ жилээс хөгжмийн гүнзгийрүүлсэн сургалттай ангид орсон.

-Том болоод ямар мэргэжилтэй хүн болох вэ?

-Би хөгжмийн багш болохыг хүсдэг.

-Чөлөөт цагаараа юу хийдэг вэ?

- Хөгжмөө тоглодог. Мөн АХА тэмцээн зохиож, авьяасаа үзүүлдэг. Би бас гоё дуулдаг гэлээ.

Төрөлхийн харааны бэрхшээлтэй хүүхдүүдэд төсөөлөгдөхгүй юмыг заахад хүнд байдаг байна. Багш нь гарыг нь барьж байгаад энэ чиний гар. Хүн хоёр гартай байдаг гэж нэг бүрчлэн зааж, сургадаг байна. Ингэхэд маш их хугацаа ордог. Ялангуяа хийсвэр зүйлийг тэдэнд заахад хүнд. Гарт нь бариулж, үгээр дахин дахин тайлбарласны дүнд тодорхой ойлголттой болдог байна.

Бага ангийн багш С.Өлзийсайхан “Б.Дашням анх ирэхдээ “Би” гэсэн ойлголтгүй байсан. Түүний чаддаг юм нь цаг хэлэх. Цагийг нь өгөхгүй болохоор уурлаж, орилж, уйлдаг байлаа. Хувцасаа өмсөж мэдэхгүй, хоолоо идэж чадахгүй, хэнтэй харицаж байгаагаа мэдэрдэггүй ахуйн нэлээд хоцрогдолтой хүүхэд ирсэн.  Хичээл дээр цаг бариад завсар зайгүй нүднэ. Харааны бэрхшээлтэй хүмүүс чихээрээ юмыг мэдэрдэг учраас их дуу чимээ гаргадаг. Тийм хүүхдүүдэд бүх юмыг эхнээс нь заадаг. Толгой, хөл, гар чинь энэ гээд л. Харин нэг сурсан юмаа мартана гэж байхгүй” гэж ярьлаа.

Түүний анги найман хүүхэдтэй. Б.Дашнямаас бусад нь сул хараатай хүүхдүүд. Хичээлээ тараад тэд дотуур байрандаа очино. Өдрийн хоолоо идчихээд хуваарийн дагуу даалгавараа хийж, чөлөөт цагаараа өөрсдийн дуртай зүйлээ хийдэг байна.

5б ангийн багш П.Хатанбаатар “Б.Дашням ангидаа ганцаараа 00 хараатай. Сурагчдийн маань бие даах чадвар эхэндээ сул байдаг. Тиймээс биднээс нэлээд хөдөлмөр шаарддаг. Эхний ээлжинд тэдний өндөгний мэдрэмжийг хөгжүүлэх хичээл ордог” гэлээ.

“Бие сэргээх дасгалыг хэн хийх вэ” гэж багш нь асуухад Б.Дашням “би дасгалаа хийе” гэж гараа өргөлөө. Нэг хоёр гурав гэж тоолон, гараа өргөн, сууж, багшаа “Би дасгалаа сайн хийсэн тээ” гэж алга ташин инээмсэглэнэ.

            Биеийн тамирын багш Б.Халиун “Төрөлхийн харааны бэрхшээлтэй хүүхэд хөдөлгөөний ямар ч төсөөлөлгүй байдаг. Орон зайн мэдрэмж сул учраас 100 хувь дасгалыг гүйцэтгэх боломжгүй. Тэдний ганц тоглодог тоглоом нь “Хонхот бөмбөг” юм. Тэд чихээрээ хонхыг сонсч, тоглодог. Өөр тэдний бүх биеийг хөгжүүлэх тоглоом дутмаг байдаг” гэлээ.

            Сурагчид тоглоомын өрөө, сургууль дотроо хараатай хүн шиг явна, тоглоно. Биеийн тамирын заал, анги, 00-ийн өрөө рүү хана түшихгүй очино. Харин сургуулиасаа гарахаар айдаст автаад, нэг л түүртэнэ. Хаашаа яаж явахаа мэдэхгүй тэмтчинэ.

            Хүүгийн аав Г.Буд “Манай хүү ээж бид хоёртой амьдардаг. Юм болгоныг л хиймээр байна, тэгмээр байна гэдэг болсон. Ой тогтоолт их сайн. Нэг хэлсэн юмыг мартана гэж байхгүй. Хүүгээ сонирхсон мэргэжлээр нь сургахыг хичээж байна”гэж ярьсан юм.  

            Хичээл тарж, хүүг эмээ нь үүдэнд хүлээж байлаа. Эмээ чинь ирсэн гэсэн сургаар гүйж, эмээгээ тэврэн авлаа. Гараас нь бариад огт тависангүй. Б.Дашням “Эмээ би одоо мах хэрчиж суръя. Танд хоол хийхэд чинь тусалмаар байна” гэж эмээгээ шална. Эмээ нь “Миний хүү гараа гэмтээчихнэ. Хөгжим тоглодог учраас гараа хайрлах хэрэгтэй” гэж учирлана.

Эмээ Б.Лхасүрэн “ Б.Дашням маань хоол ундаа өөрөө иддэг болсон. Нүүр гараа өөрөө угаана. Үнэхээр их өөрчлөгдсөн. Хүнтэй ч ярилцдаггүй байсан хүү маань одоо сайхан ярьдаг болсон. Амралтын өдрүүдэд гэртээ ирчихээд надад их туслана аа. Аяга тавгаа угаана. Гурил илдэж өгнө” гэлээ.

Хүүгийн үзэх дуртай нэвтрүүлэг нь “Унагалдайн мухлаг”. “Гэгээн алсын одод” нэвтрүүлгийг үзээд,  хүүхдүүд дуулахдаа алдвал “өнгө алдлаа даа. Энэ тэнцээгүй ээ” гэж яридаг байна. Сүүлийн үед аавыгаа англи хэл сур гэж ятгах болсон гэсэн. “За эгч нь явлаа” гэхэд Good bye гэж хэлээд эмээдээ хөтлүүлээд цааш явлаа.

Харааны бэрхшээлтэй хүүхдийн 116 дугаар сургуулийн захирал С.Энхтуяа “ Б.Дашням маань анх “ална хядна” гэж орилсон хүүхэд ирж билээ. Ийм хүүхдүүдийг аль болох бага наснаас нь сургавал амар байдаг. Тэд хэдэн жил сурах нь чухал биш. Гол нь тэдэнд чадвар эзэмшүүлэх хэрэгтэй. Тиймээс эцэг эхчүүд хүүхдээ гэрт нь байлгаад байлгүй эртхэн сургуульд оруулах хэрэгтэй” гэсэн юм.


Бичсэн: amitaba | цаг: 15:26 | сурвалжлага
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(4)
Сэтгэгдэл:


их сайхан нийтлэл байна, би хүүдээ уншиж өглөө, хотын төв номын сан ийм хүүхдүүдэд зориулж их ажил хийж байгаа юм билээ, би линкийг нь хайгаад олсонгүй, чи өөрөө сонирхоорой. блогоо цагаан дээр хар болгосон чинь их сайн байна. амжилт хүсье.
Бичсэн: Би зүгээр л бичмээр байна цаг: 00:22, 2011-07-02 | Холбоос | |


upshot_gp
нээрээ Сурахын хэлсэн үнэн. гоё шүү ...зүгээр л тийм хүмүүс боломжтой гэж бүх зүйл хардагт байгаа байх гэж боддог. Бүхнийг 0-оос эхэлдэг учир.
Бичсэн: Зочин цаг: 15:25, 2010-11-05 | Холбоос | |



Тийм шүү санал нийлж байна. Тиймээс л тэд гайхалтай хүмүүс. Амьдралын мөн чанарыг биднээс илүү ухаарч, түүний төлөө тэмцдэг.
Бичсэн: Амитаба (зочин) цаг: 15:12, 2010-11-05 | Холбоос | |


Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг бодвол хэвийн хүмүүс амьдралын амтыг бага мэдэрдэг юм шиг ээ... Илүү мэдэрхүй, илүү эрхтэндээ дулдуйтдаж тэр хэрээрээ үнэхээр хайнга байдаг байх гэж боддын шүү. Харин ч харалган болгодог юм шиг...

гүүд лак
Бичсэн: Сурах Шалтгаан цаг: 19:33, 2010-11-04 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax