Манайд 20 гаруй угсаатны бүлэг бий. Үүнээс хамгийн их буюу 80 гаруй хувийг Халхууд эзэлдэг. Угсаатны бүлэг болгон нь өөрийн ёс заншил, соёлоороо ялгардаг. Тиймээс Монголын үндэсний музейн эрдэм шинжилгээний ажилтан Н.Нарангэрэлтэй хамтран, монгол үндэстний дээлний онцлогийн талаар уншигчдадаа хүргэе.
Монголчуудын хэрэглэж байсан хувцсыг хадны сүг зураг, хүн чулуун хөшөө, археологийн олдвороос харж болно. Анх манай нутагт уур амьсгал дулаан байсан учраас хаз, хаадай, хаалт, нөмрөг, халхавч гэсэн хувцсыг түүхэндээ хэрэглэж байсан байдаг. Өөрөөр хэлбэл өвсөөр сүлжиж хийсэн, навчаар халхалсан хувцсыг өмсдөг байжээ. Энэ нь хөгжөөд, одоогийн бидний хэрэглэдэг дээлийг бий болгосон юм. Монголын ёс заншлыг илтгэх гол зүйл нь XIII-XIV зууны үеийн олдворууд байдаг. Тэр үед манайхан хээ хуар, монгол гутал, дугуй хэлбэрийн малгай, гоёл зүүсгэлийн хамт хэрэглэж байсан нь нотлогдсон. Уйгар, Түрэгийн үеийн чулуун хөшөөдөөс харвал мөөрөлжин буюу ташуу энгэртэй дээл өмсөж байжээ. Харин манжийн дарлалд орсноос хойш захтай дээл өмсдөг болсон байна.
Халх дээл
Халхчууд нийт хүн амын 81,6 хувийг эзэлдэг. Онон, Хэрлэн, Туул голын саваар голдуу нутагладаг байна.
Халхчуудын эрэгтэй дээл нь цомбон буюу дэлбэн хэлбэрийн нударгатай. Нударга нь манжийн дарлалын үеэс орж ирсэн гэдэг. Өмнө нь хаз маягийн ханцуйвчийг хэрэглэж байсан байна. Дээлнийхээ гадуур ууж буюу хүрмийг хэрэглэдэг. Улиралаас шалтгаалж малгайны загвар өөрчлөгдөх аж. Малгайны сампин нь улаан болоод цэнхэр залаатай. 1600-аад оны үеэс Ойрадын хааны зарлигаар малгай нь улаан сампинтай болжээ. Мөн хэт утга, аяны уут, хөөргөний даалин эр хүний гангараа юм. Эрт дээр үеэс хөөргө, гаанс, тамхины уутыг хэрэглэж ирсэн. Энэ нь тэр үеийн монголчуудын дарханы урлаг ямар хэмжээнд хөгжиж байсныг илтгэдэг юм.
Халх эмэгтэйн дээлний түнтгэр мөр нь манжийн дарлалын үеэс улбаатай. Тэд дэргэр үстэй байдаг. Үүнийг эхлээд өөрсдийн үсээр хийдэг байсан ч арчлахад хэцүү учраас ямар нэгэн малын үс ноосоор хийдэг болжээ. Халх эмэгтэйн гоёл чимэглэл нь дээл (цэгдэг), уужнаас гадна толгойн боолт, гуу, хавчаараас бүрддэг. Толгойн боолт нь оройн тав хэсэгтээ онгорхой байвал харц, битүү хорол хээтэй байвал хатан хүнийх гэж ялгана. Толгойн боолт нь 5-6 кг байдаг байна. Хээ, хуар оролцсон тод өнгийн дээлийг тэд өмсдөг.
Баяд дээл
Дөрвөн ойрадын холбоонд багтаж явсан Баядууд Увс аймгийн Хяргас, Тэс, Зүүн сумдад амьдардаг. Тэд нийт хүн амын 2,1 хувийг эзэлэнэ.
Баяд эрэгтэйчүүд хар өнгийн хэрвээтэй дээлийг өмсдөг. Тэд улаан өнгийг эрхэмлэдэг учраас шаазгай гэгддэг малгайг хэрэглэдэг. Уул усныхаа шүтлэгээр, Чандмань уулынхаа оройг бэлгэдэж улаан малгайг хэрэглэх болжээ.
Баяд эмэгтэйчүүд нөхөрт гарахдаа улаан өнгийн гуталтай, улаан дээл, улаан алчуурыг зүүдэг байна. Эмэгтэйчүүдийх нь хувцас ууж, цэгдэг гэсэн хэсгээс бүрдэнэ. Онцлог нь мөрөө тойрсон цагаан өнгийн зах хэлбэрийн даавууг хэрэглэдэг. Энэ нь захыг орлож, цэвэр үзэмжтэй байх, эхийн цагаан сүүг бэлгэдсэн юм. Мөн цагаан өнгөөр ханцуйгаа эмждэг байна. Дээр үед нударгагүй дээл хэрэглэдэг байсан бол одоо цомбон хэлбэрийн нударгатай дээл өмсдөг. Үсний гэрнээсээ эрвээхэй маягийн тохиг зүүж өгч, үүнээс гурав буюу таван өнгийн цацгийг унжуулдаг байна. Ташааны бэлнээс таван өнгийн алчуурыг унжуулдаг. Энэ нь олон байх тусмаа эмэгтэй хүний бэл бэнчинг харуулдаг аж. Ерөнхийдөө баруун аймгийнхны дээлний ханцуй маш өргөн байдаг. Тэд манжийн дарлалд орохдоо хүүхдээ дээлнийхээ ханцуйнд нууж гарч байсан гэдэг домгоос үүдэлтэй аж. Дээлний ууж нь өргөн, өнгө өнгийн эмжээрээр эмжигдсэн байдаг.
Урианхай дээл
Урианхайчууд Ойрадын бүрэлдэхүүнд багтаж байсан эртний аймгуудын нэг юм. Ховдын Мөнххайрхан, Дуут суманд бөөнөөрөө амьдардаг. Нийт хүн амын 1,6 хувийг эзлэх аж. Эрэгтэй дээл нь хар хэрвээтэй, хоёр талаараа оноотой, оноог нь хэрвээлж эмжиж өгснөөрөө бусад дээлнээс онцлог байдаг. Нударга нь нэлээд том. Малгай нь ерөнхийдөө дуулга хэлбэртэй.
Эмэгтэйчүүдийн дээлний суга нь 16-17 см өргөн аж. Ташаанаасаа гурав эсвэл таван өнгийн алчуурыг унжуулсан байдаг. Үсний гэрнийхээ дороос хүнд хүчир гоёл байхгүй хэрнээ бэлгэдлийн шинжтэй зангидаад, цацаг унжуулдаг. Малгай нь тоорцог хэлбэрийн хоёр талруугаа чихээ буулгаж өгдөг. Мөнгөн эдлэл чимэглэлийг зургаан талд нь хатган өгч, дээлний захыг тойруулсан цагаан захтай, дотуураа нимгэн улаан өнгөөр эмжсэн цагаан захтай.
Буриад дээл
Буриадууд эртний гаралтай монгол угсаатнуудын нэг. Дорнод аймгийн Баяндун, Баян-уул, Дашбалбар, Цагаан овоо, Хэнтий аймгийн Батширээт, Дадал, Биндэр, Сэлэнгэ аймгийн Ерөө, Төв-Аймгийн Мөнгөн морьт, Хөвсгөл аймгийн Цагаан уул сумдуудаар нутагладаг. Нийт иргэдийн 1,7 хувийг эзэлдэг.
Эрэгтэйчүүдийнх нь дээлний энгэр гурван өнгөөр хийгдсэн байдаг. Маш их зовлон үзсэн ард түмэн учраас үүнийг бэлгэдэж, дундах нь хар буюу зовлон, дээдэх нь цагаан буюу зовлонг дахин үзэхгүй байх, доодох нь улаан буюу цусыг бэлгэджээ. Мөн ханцуйг нь хар өнгөөр эмждэг байна.
Эмэгтэй дээлний ханцуй нь нарийнхан, нударгагүй, цацаг нь улаан хэлбэрийн байдаг. Уужгүй, нэгэн цул байдлаар хийгдсэн дээл юм. Тэдний малгай нартай холбогддог гэдэг учраас нарны цацрагыг бэлгэдэн, улаан цацагтай аж. Хормой нь дэрэвгэр маягийн хуниастай, цагаан өнгийн захтай, ерөнхийдөө бараан өнгийн дээл өмсдөг байна.
Барга дээл
Нийт хүн амын 0,1 хувийг Баргууд эзэлдэг. Тэднийг Өвөр монголын хөлөн буйраас ирсэн гэж үздэг. Баргаууд буриадуудтай ойр аж төрдөг байсан ч тэдний ёс заншилзд автаагүй юм. Эрэгтэйчүүдийн дээлийн зах нь нэлээд өргөн. Монгол маягийн цамц шиг бууж өгснөөрөө онцлог. Үүнийг дөрвөлжин эсвэл мөөрөлжин энгэр гэж ялгахад бэрх.
Барга эмэгтэй түнтгэр мөртэй, хэт том биш нударгатай, алаг ханцуйтай дээлийг өмсдөг. Тэд маш том хамар хээтэй энгэрийн гууг хэрэглэдэг байна. Энэ нь ардаа бас байдаг. Гуу нь эмэгтэй хүний нурууг тэгшилж өгөх зориулалттай гэж үздэг юм. Түүнд маань болоод сахиус, гоёл чимэглэл байдаг. Үсний хэлбэр нь халх эмэгтэйтэй адил дэргэр боловч шанаа, хацрыг даган урагшаагаа сууж өгсөн байдаг. Эмжээрийг нь дагаж хавчаартай, дээр нь бас тоноглол бүхий чимэглэлтэй.
Хотон дээл
Хотонгууд увс аймгийн тариалан суманд нутагладаг Түрэг, Уйгар гаралтай угсаатан юм. XVIII зууны үеэс одоогийн нутагтаа ирж суурьшсан гэдэг. Монголчуудын 0,3 хувийг эзэлдэг. Цуур, хөөмэй, угсаатны бүжгүүд нь Хотон, Баяд, Дөрвөд, Урианхайчуудаас гаралтай. Хотонгууд газар тариалан эрхэлдэг учраас хувцас нь тариалангийн ажилд зохицсон байдаг. Эрэгтэй дээл нь хэрвээтэй, ханцуй нь маш нарийнхан. Эмэгтэйн ууж нь богино буюу бүснээс доош, жижиг авсаархан загвартай. Тэд хар бараан дээлийг ихэвчлэн өмсдөг байна.
Дархад дээл
Дархадууд нийт хүн амын 0,8 хувийг эзэлдэг. Дархад дээлний энгэр нь маш том хар хэрвээтэй, зах нь давхар эмжээрүүдтэй. Хормойных нь урд тал нь оодон, хойд тал нь сууж өгсөн байдаг. Тэд Хангай газар нутагладаг учраас салхинаас сэргийлж хойшоо суусан дээлийг өмсдөг аж.
Казах хувцас
Түрэг угсаатны бүлэг болох Казахууд XIX зууны үед баруун аймагт нутаглаж байгаад, 1917 онд албан ёсоор монгол улсын харьяат болсон юм. Тэд Баянөлгий, Ховд, Сэлэнгэ, Налайхад амьдардаг. Нийт хүн амын 4,3 хувийг эзэлдэг байна. Казахууд лалын шашинтай учраас хувцас нь шашны зан үйлтэй нэвт холбоотой. Казах эрэгтэй хар өнгийн, нилэмгэр хүрэм маягийн хувцсыг өмсдөг. Өмд нь казах хээ угалзтай байдаг.
Казах эмэгтэйчүүд дэрэвгэр хормойтой цагаан, шар өнгийн нилэмгэр хувцсыг өмсдөг. Гадуураа уужтай, ууж нь усан долгион маягийн хээгээр хүрээлүүлсэн байдаг. Алчуурын доторх тойруул маягийн толгой бүрхсэн даавуу нь эмэгтэй хүнийг илтгэдэг. Эрүүнээс доош унжсан хэсэг нь улаан өнгөтэй байвал гэрэлсэн, шар өнгөтэй байвал гэрлээгүйг илтгэдэг. Ислам шашны дагуу эмэгтэйчүүд нь үс гэзгээ алчуураар далдалдаг. Тэд элдэв янзын гоёл чимэглэл хэрэглэдэггүй. Харин том алчуур зүүдэг байна.