2010-12-16
Сургуулиас завсардсан хүүхдүүд оршуулгын газарт өдрийг өнгөрөөж байна


“Алтан-Өлгий” оршуулгын газрын хашаанд хэд хэдэн хүүхдүүд хөөцөлдөн тоглож байлаа. Хамаг хөлс нь гарчихсан. Хөвгүүд охид руугаа чулуу шидэж, нөгөөдүүл нь зугтах юм. Юу хийж байгааг нь тодруулахад нэг шар банди “Бид нар сургуульд явдаггүй юм аа. Энэд цагаа өнгөрөөж л байна” гэлээ. 10 орчим настай н.Энэрэл охиноос зарим зүйлийг тодрууллаа.

-Оршуулгын газар тоглохоосоо айхгүй байна уу?

-Юунаас айна гэж

-Сүнс, муу энергитэй газар тоглоход эвгүй биш үү?

-Үгүй. Энд сүнс байдаггүй юм. Таны сүүдэр чинь л сүнс шүү дээ. Бид дасчихсан.

-Гэр чинь хаана байдаг юм. Харих болоогүй юу?

-Тийшээ ( баруун зүгийг заав). Угаасаа манай энэд тоглох газар, явах сургууль байдаггүй юм. Жаахан тоглож байгаад харина гэж хээв нэг хариулчихаад явчихав. 

Тэнд тоглож байсан хүүхдүүдийн дийлэнх нь баянзүрх дүүргийн XXII хороонд харьяаллагддаг аж. Дулааны улиралд хүүхдүүд өдрийг оршуулгын дэргэд тоглож, өнгөрөөдөг байна. Тэд “Сурах сургууль байхгүй байхад хаана сурах вэ дээ” гэж том хүн шиг хэг ёг хийхийг нь яана.

Баянзүрх дүүргийн XXII хороо нь 2007 оноос тусгаарлан гарсан шинэ хороо юм. Нийт 400 орчим га талбай бүхий газарт, 13 мянгаад хүн амтай. Тэдний ихэнх нь гэр хороололд амьдардаг. Харин хорооны хэмжээнд нэг ч сургууль, цэцэрлэг байддаггүй аж.

Иргэн Д.Ханд “Манай бага хүү урагшаа хоёр гаруй км алхаж байж, сургуульд явдаг. Сонгуулиар сургуультай болгоно гээд амлаад байсан. Сураг алга. Уг нь хорооны хажууд цэцэрлэг барьж байгаа. Хэзээ ашиглалтад орох юм бүү мэд” гэлээ.

УИХ-ын XXII тойргоос Ц.Батбаяр, Д.Ганхуяг, Ч.Сайханбилэг, З.Алтай нар нэр дэвшжээ. Тэд мөрийн хөтөлбөртөө шинээр сургууль, цэцэрлэг барих тухай оруулсан байна. Ялангуяа Ц.Батбаярын мөрийн хөтөлбөрт Баянзүрх дүүргийн XXII хороонд цэцэрлэг, сургууль барина гэж бичжээ. Гэтэл хоёр жил гаруй хугацаа өнгөрчихөөд байхад тус хороонд нэг ч сургууль, цэцэрлэг байхгүй байна.

12 настай хүү Н.Мөнхбаяр “Намайг 10 настай байхад гэрт ойрхон сургуультай болно гэж ээж ярьдаг байсан. Би одоо 12 настай ч өөр хорооны сургуульд явсан хэвээр  байна” гэлээ.

Энэ талаар XXII хорооны Засаг даргаас нь тодруулах гэсэн боловч томилолтоор явсан байлаа. Тус хорооны зохион байгуулагч С.Туулмөрөн ”Солонго гэдэг нэртэй цэцэрлэг баригдаж байна. Хичээлийн шинэ жилээр ашиглатад орох байсан ч мэргэжлийн хяналтын газар хүлээж аваагүй байгаа. Одоогийн байдлаар сургууль баригдана гэсэн юм алга” гэлээ.

            Зарим хүүхдүүд өөр хорооны сургуульд сурдаг байна. Гурав орчим км алхаж байж, сургуульдаа очих аж. Сургууль, цэцэрлэггүй байна гэдэг хорооныхны хувьд хүнд асуудал болжээ. Тэд Засаг даргадаа энэ талаар нэлээд санал, хүсэлт тавьдаг байна. Иргэн н.Долзод “Манай хүү сургуулиас завсардсан. Өөр хорооны сургуульд явуулъя гэхээр төвөгтэй. Орон тоо гүйцсэн гээд авахгүй юм. Сонгууль болохоор л хэдэн гишүүд ард иргэдэд сайхан амлалт өгч, хуурдаг. Тэр олон сайхан амлалт яахав. Бидний хүүхдүүдийг сургах сургуультай л болгочихвол баярлана” гэлээ.

 

 

Бичсэн: amitaba | цаг: 10:16 | сурвалжлага
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax