2012-12-13
Ээж нь удахгүй очно
Утас дугарлаа. “Хурдан гэртээ ир. Ажлаа хийхгүй хотод юу хийгээд байгаа юм” гэж утсаар ярих гурван настай охиныхоо дууг сонсоод нулимс унагав. Гэсэн ч хоолойгоо засан байж “Удахгүй очно оо” гээд утсаа салгалаа. Тэрбээр хөхний хорт хавдраар өвчилсөн учраас эмчлүүлэхээр ирсэн нь энэ. Харин түүний охин жаахан болохоор учир мэдэхгүй. Эмэгтэй ийм маягаар охинтойгоо утсаар ярьсаар бараг жил орчим болжээ. Өдөр бүр ярихдаа “Ээж нь удахгүй очно” гэхээс өөр зүйл хэлж чадахгүй байгаадаа өөрийгөө буруутгана. А.Дашханд одоо 28 настай. Гэвч ажиллаж, хөдөлмөрлөх залуу насандаа хорт хавдраас болоод ор сахихаас өөр зүйл хийхээ больж. Бүр ганц охинтойгоо уулзаж ч чадахгүй байгаа юм. Гэхдээ тэр эм тариагаа тасалдуулаагүй ээ. Амьд үлдэхийн тулд тэмцэж, өвчиндөө бууж өгөхийг хүсээгүй. Унтах болгондоо “Удахгүй охин дээрээ очно” гэж дахин дахин өөртөө хэлнэ. Өнөөдөр охиных нь төрсөн өдөр. Утас дугарлаа. “Ээжээ би дөрвөн нас хүрч байна. Та яагаад ирэхгүй байгаа юм бэ” гэж охин асуув. “Надад төрсөн өдрийн бэлэг хэрэггүй ээ. Ээжээ, та хурдан хүрээд ирээч дээ. Охин нь дахиж хувцсаа норгон, бороонд гарахгүй” гэж уйлагнасан дуугаар хэллээ. Харин А.Дашханд “Миний охин том болжээ. Ээж нь удахгүй очно” гэхээс өөр зүйл хэлж чадсангүй. Заримдаа “Би охиноо дахиж харах болов уу” гэж нулимс унагана. Хотод анх ирснээ бодвол нэлээд турчихжээ. Олон удаа тариулж, дусал хийлгэснээс болоод энд тэндгүй зүүний ором. Зүүн хөх нь тэвчихийн аргагүй олон зүүгээр зэрэг шивж байгаа мэт өвддөг гэж ярьж байлаа. Энэ үед тэр зөвхөн охиноо боддог. “Миний өвдөх яах вэ. Амьд үлдэх минь чухал” гэж амандаа бувтнадаг.Яагаад ийм өвчин туссанаа тайлбарлахдаа “Охины минь аав биднийг хаясан. Төрөөд хоёр сар ч болоогүй байхад явсан. Нэг удаа ирэхдээ салах өргөдлөө нүүр рүү шидсэн. Нялх биетэй байгаа гээд ганц литр сүү ч авчраагүй. Хорт хавдар гэдэг сэтгэл санааны дарамт, цочролоос үүсдэг юм шиг байна” гэж А.Дашханд ярилаа. Эмч орж ирлээ. “А.Дашханд аа, маргааш хагалгаанд орно. Бэлтгэлтэй байгаарай” гэв. Амьд үлдэж л байвал хөхнөөсөө салах хамаа алга гэж бодож байсан ч маргааш хагалгаанд орж, зүүн хөхөө авахуулна гэхээс эмээхгүй байж чадсангүй. “Гэхдээ угаасаа миний хөх хатаад хорчийсон юм чинь. Юунд хорогдох вэ” гэж өөрийгөө тайтгаруулна. Харин түүний өрөөний 20 настай бүсгүйг хагалгаанд оруулахаар эмч аваад явлаа. Тэр “Би чадна” гэсээр өөрийгөө хүчлэн инээмсэглэсэн юм. Гэвч хэсэг хугацааны дараа “Түүнийг хагалгаагаа даасангүй. Амиа алдлаа” гэв. Энэ муу мэдээг сонссон А.Дашхандын өрөөний хоёр бүсгүй дуугаа хураан, нулимс унагаж байв. Тэд хагалгаанд орох уу, болих уу гэсэн бодолд автана. Маргааш А.Дашханд хагалгаанд орно. “Хагалгаанаас айж байна. Би амьд үлдэх болов уу” гэж өөрөөсөө дахин дахин асууна. Үүнд хэн ч хариулж чадахгүй. Хагалгаанд орох, орохгүй эсэх нь түүний сонголт. Үүнээс амьд үлдсэн нэгэн байхад, амиа алдсан нэгэн ч бий. Өнөөдөр хэчнээн эмэгтэйчүүд хөхний хорт хавдраар амиа алдаж байгаа бол. Хэчнээн эмэгтэйчүүд шаналан байж хөхөө авахуулж байгаа бол. Хөхгүй болно гэдэг эмэгтэйчүүдэд ямар их гунигийг дагуулах вэ. А.Дашханд энэ бүгдийг даван туулахаар сэтгэл шулуудсан. Тэрбээр зоригтойгоор хагалгаанд орохоор шийдсэн. Бүсгүй шөнөжингөө амьд үлдэх тухай бодсон. “Ээжээ хэзээ ирэх вэ” гэх охиныхоо асуултыг зүрхэндээ шивсэн. “Ээж нь удахгүй очно” гэсээр тэргэнд суун, хагалгааны өрөө рүү явлаа. Хөх олон булчирхай, судаснуудаас бүрддэг учраас их эмзэг эрхтэн. Үүнд хагалгаа хийхэд эмчээс их ур чадвар шаардана. Нэг цаг өнгөрлөө. Хоёр цаг өнгөрлөө. Гурван цаг өнгөрлөө. Үүнээс хойш хэчнээн цаг өнгөрсөн юм бүү мэд. Утас дугарлаа. “Ээжтэй яръя” гэж охиныг хэлэхэд сувилагч “Ээж нь унтаж байна” гэв. Хагалгаа амжилттай болжээ. Одоо түүний биеийн эсэргүүцлээс бүх зүйл шалтгаална. Түүнийг нүдээ нээхэд эмч, сувилагч нар баяр хүргэлээ. Ийм том хагалгааг давж чадсан даа баярлаж, охин руугаа хурдан очихыг хүснэ. Эмч “Хэд хоног хүлээ. Дахин шинжилгээ авч хариу гарахаар явах үгүйг чинь шийднэ” гэв. Одоо түүнд шинжилгээний хариу хүлээх л үлдлээ. Утас дугарлаа. “Ээжээ та хэзээ ирэх вэ” гэж охиноо асуухад А.Дашханд “Ээж нь маргааш очно” гэж итгэлтэйгээр хэлэв. Учир нь шинжилгээний хариу сайн гарчээ.
Бичсэн: amitaba | цаг: 23:11 | сурвалжлага
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(1)
Сэтгэгдэл:


энэ надад маш их таалагдлаа
Бичсэн: Зочин цаг: 13:36, 2017-10-05 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax