2012-11-26
Асрамжлах, хайрлах хүнгүй болсон тэднийг орхиж болохгүй
                     НБХГ-ын байгаль хамгаалагч Я.Бямбаатай ярилцлаа.

-Та таван хүүхдийг гэртээ байлгаж, хүмүүжүүлжээ. Гэр оронгүй хүүхдийг авчираад ажилд сургахад хэцүү байх даа?
-Мэдээж. Чөлөөтэй тэнэмэл амьдралаар яваад сурчихсан, баригдмал орчинд дасаагүй, тийм амьдралыг мэдэх ч үгүй учраас бэрхшээл гарна. Ядаж л гэртээ тогтож өгөхгүй, уйдна, зан ааш нь хувирна. Тэгэх бүрт өөрийнх нь эцэг эх шиг хандахыг хичээж, ярилцана даа. Шинэ ирсэн хүүхэд орчиндоо шууд дасахгүй.
-Ер нь тийм хүүхдүүдээс ямар зан чанар илэрдэг вэ?
-Тэд амьдралын мөн чанарыг мэдэхгүй, хүнийг хайрлах сэтгэлгээгүй болчихдог юм шиг санагдсан. Ярьж байгаа үг,унтаж хэвтэх, хувцасаа өмсч байгаа нь их танхай. Орны даавуу хийгээд өгөхөөр эхний өдрөө хувцасаа тайлна. Дараагийн өдрөөс бүхлээрээ унтах жишээтэй. Усанд орох байтугай нүүр гараа ч угаахгүй. “Угааж яах юм бэ, жилд нэг усанд орно” гэж ярина.
-Шинэ орчиндоо дасахад хугацаа хэрэгтэй гэлээ. Ер нь хүүхэд хэр хугацааны дараа орчиндоо дасах вэ?
-Бараг жил болно доо. Жилийн дотор засагдах хүүхэд нь засарна. Дасаад ирэхээрээ хүүхэд гэр бүлдээ дуртай болдог. Манай гэр бүл хоёр охин, гурван хүүг гэртээ авчирсан. Одоогоор хоёр нь МСҮТ-д сурч байна. Нэг нь төгсөөд ажил хийж байгаа.
-Гадуур тэнэж байсан болохоор тэднээс янз бүрийн өвчин илрэх байх? -Арьс өнгөний өвчин, бөөс, хамуунаас авхуулаад муу муухай юмны уурхай болчихсон ирнэ. Бөөсгүй хүүхэд ирж байгаагүй. Тэгээд өөрсдөө бөөстөнө, хамуурна. Манай гэр бүлийн хүн эмнэлэгийн ажилтан учраас эмчилгээ хийж, зөвлөгөө өгнө.
-Хараа хяналтгүй болсон тэднийг танай хүүхдүүд хэрхэн хүлээж авсан бэ?
-Би өнчин өссөн хүн. Тиймээс “Энэ хүүхдүүд ээж аав байхгүй, гэр оронгүй. Миний хүүхдүүд өөрийгөө оронд нь тавиад үз. Тэд өөрсдөө тэнээгүй. Тэднийг хамгаалах харьяалах хэн ч байхгүй, асрамжлах, хайрлах хүнгүй болсон хүмүүс. Тиймээс гэртээ авчираад, та нарын ах,эгч болгоно” гэж хүүхдүүддээ хэлсэн. Би 6-15 насны гурван хүүхэдтэй. Анх тэдэнд минь муухай юм заагаад өгчих вий гэж айж, эмзэглэж байсан. Ямарч хүн тэгэх л байх. Тэнэмэл хүүхэд гэртээ амьдруулах байтугай гэрт нь ороход яаж угтах билээ дээ. Үүнийг бид хамтдаа давж, санасандаа хүрсэн.
-Тэдэнд сургуульд сурч, мэргэжилтэй болох сонирхол хэр байдаг бол?
-Багаас нь сургуульд сурах нөхцөл бүрдээгүй учраас бага ангиасаа гарчихсан байдаг. Тоо бодох байтугай уншиж чадахгүй. Тиймээс ЕБС-ийн мэдлэг эзэмшүүлэхээс эхлэнэ дээ.
-Танай гэрт ирсэн таван хүүхэд бүгд өнчин юм уу?
-Тийм. Тэдэнтэй холбоотой ямар ч хүн байгаагүй. Ярихдаа ээж аав байсан гэнэ. Ямар хүн байсныг санадаггүй. Зүгээр л нэг хүнээр овоглосон байх жишээтэй. Багаасаа өөр айлд өргөгдөөд очсон, холын хамаатныдаа орхигдсон, өөрийн эцэг эхээ мэдэхгүй. Эсвэл өргөж авсан айл нь мөнгө олуулна. Ингэж явсаар байгаад тэр чигээрээ тэнэмэл амьдралд орчихсон байдаг. Яриаг нь сонсоод байхад ойрын хамаатныдаа байсан хүүхэд ховор доо. “Яармагт нэг ахынд багадаа очсон байсан. Яаж очсоноо би мэдэхгүй. Тэр ах бид хоёулаа байдаг байсан. Намайг тамхи олоод ир гэж хөөж гаргана. Тамхины акурк хамаад аваачиж өгдөг байсан. Заримдаа согтчихоод архины мөнгө ол гэдэг. Архийг нь олж өгөх гээд янз бүрийн юм хийнэ” гэж ярьж байсан. Бүр байнга шөлтэй хоол идсээр байгаад дургүй болчихсон тохиолдол бий. “Энэ хоолыг харахаар муухай санагдаад байна. Яармагт багадаа иддэг байсан хоол харагдаад байна” гэх шижээтэй.
-Багаасаа тэнэмэл амьдралаар явсан болохоор засрах болов уу?
-Мэдээж хүн л юм чинь засрана гэж боддог. Гол нь хүмүүжүүлж буй хүнээсээ шалтгаална. Би бүр яахаа алдсан араатан болчихсон хүүхэд хараагүй.
-Орчиндоо дасаад ирэхээрээ өмнөх амьдралаа ярих уу?
-Хог ухаж, хүнд загнуулж, даарч, өлсч, зодуулж байснаа ярина. Хүмүүс биднийг дандаа ардаж, загнаж, муугаар хэлдэг гэдэг. Тэнэмэл хүүхэд бүгд тамхинд орсон байдаг.
-Тийм орчинд байгаа хүүхдийн ирээдүй яаж төсөөлөгддөг бол?

-Өглөө босоод тэнэж, яаж хялбар аргаар хоол, мөнгө олох уу гэж бодно. Тэрнээс биш ирээдүйгээ бодохгүй. Өнөөдрийг яаж өнгөрөөх үү, хаана хонох уу гэж бодож яваа улс.
-Гэр оронгүй хүүхдүүдийг гэртээ амьдруулах санаа хэзээнээс төрсөн бэ?
-Манай найз Хаяг тогтоох төвийн даргаар томилогдоод удаагүй байсан. “Манай төвд 0-16 насны хүүхдүүд ирдэг. Тэд бүгдээрээ муу биш, төлөвших ирээдүйтэй, ирээдүйгээ боддог хүүхдүүд бий.Тэдэнтэй ажиллаад үз” гэж санал болгосон. Тэгээд тэднийг аж ахуй эрхлэхдээ туслуулахаар анх авч байлаа. Таван жилийн өмнөхийг бодвол манай өрхийн аж ахуй өргөжсөн. Бизнес хийгээд зараад байдаггүй ч өөрсдийн хүнсний хэрэгцээгээ бүрэн хангачихдаг.
-Тэд аж ахуй эрхлэхээрээ их урамшдаг байх даа?
-Тийм. Тэдний сонирхолд нь тааруулна. Нохойнд дуртай хүүхэд байхад, тахиа сонирхох нь бий. Сонирхлоор нь хурга, тахиа зэргийг зүсэлж өгдөг. Минийх гээд улаан уяа уяад их баярлана. Тахиа нь өндөглөхөөр өндөгөө шарж идээд, хөөрөлддөг.
-Тэгвэл танайх өрхийн аж ахуйтай өнөр гэр бүл болжээ?
-Бид хамтдаа үүнийг хийж чадсан. Хамтдаа хооллож, ярилцаж, тоглоно. Тэгэхээр бүр их дуртай байдаг юм. Зарим нь аав ээж шигээ санадаг байх. Арайч ааваа гэдэггүй юм аа. Гэхдээ их дотно болцгоосон.
-Аавыгаа хүүхдүүд чинь харамлах тохиолдол гардаг байх?
-Намайг харамлана. Тэр үед нь сайн ойлгуулахыг хичээдэг. Гэр бүлийн шинэ гишүүддээ “Бямбаа ах өөрийнхөө хүүхдийг илүү хайрладаг. Аргагүй дээ бид хайрлуулах хүнгүй” гэж бодогдуулж огт болохгүй. Тийм хагарал үүсгэхээс сайн хамгаалдаг. Гол нь ярилцаж, ойлголцох чухал байдаг. Нэг хүүхдийг ч болтугай зөв амьдралд нь хөтөлье гэх бодлоор л өөрийнхөө хүүхдүүдээс ялгалгүй хайрлаж ирсэн.
Бичсэн: amitaba | цаг: 14:48 | ярилцлага
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax