2011-01-18
Тэргэнцэртэй ч бусдыг манлайлж яваа бүсгүй

“Тэргэнцэртэй фермер” холбооны удирдах зөвлөлийн гишүүн М.Раднаадагийтай ярилцлаа. Тэрбээр осолд орж, тэргэнцэр дээр суусан ч зундаа ногоо тарьж, өвөлдөө гар урлалын зүйл хийдэг байна.

 

-Та хэзээнээс ногоо тарьж эхэлсэн бэ. Тэргэнцэртэй хүн ногоо тарина гэхлээр сонирхолтой санагдаж байна?

-Би хоёр жилийн өмнө “Аифо” ТББ-ын ногооны сургалтад суусан. Тэр үед зургаан тэргэнцэртэй эмэгтэй хамрагдсан юм. Тэгээд  л бид бүлэг болж ажиллахаар шийдсэн. Бид ногоо тарихаас гадна, эсгий, савхи, ноос ноолуур, монгол хувцас, шүрээр юм хийдэг. Анх ямар ч ногоо тарих мэдэгдэхүүн байдаггүй байлаа.  Мөн дээр нь тэргэнцэртэй хүн ногоо тарина гэж бодоо ч үгүй явлаа. Хүн чинь юмаа сураад, тариад ирэхлээр улам урамшиж,  цаашлаад нарийн ногоо, жимсгэний мод тарьдаг болсон. Тэргэнцэртэй хүн ногоо тарьж болдогыг ойлгосон.

-Та хоёр жил ногоо тарьжээ. Энэ нь өрхийн орлого нэмэгдэхэд хэр нөлөөлдөг бол?

-Нөхөр, гэрийнхэнтэйгээ нийлээд 2008 оноос ногоо тарьж байна. Ноднин жилээс хашаандаа хүлэмжтэй болж, нарийн ногоо тарьж эхэлсэн. Орлого гэхээс илүү өөрсдийн идэх хүнсний ногоогоо хурааж авдаг. Энэ нь Хятадын ногооноос хавьгүй дээр. Илүү гарсан бага хэмжээний хүнсний ногоогоо зарна.

-Ногоо тарихад бэрхшээл хэр учирдаг вэ?

-Бэрхшээл байлгүй яахав. Би бас хороондоо өндөр настан, өрх толгойлсон эрүүл хүмүүстэй бүлэг болсон. Энэ хэдийнхээ хүчээр болж л явна. Мөн нөхөр маань хүлэмжиндээ тэрэгтэйгээ явж, ногоогоо арчлах зориулалтын зам хийж өгсөн. Төмс, байцаа, лууван, манжин, улаан манжин, сонгино, огурцы, помидор тарьдаг. Мөн өнгөрсөн жил гэхэд таван төрлийн байцаа тарьсан байгаа.

-Хөгжлийн бэрхшээлтэй иргэн хувиараа хөдөлмөр эрхлэхэд ямар бэрхшээл тулгардаг вэ. Төрөөс хэр дэмждэг бол?

-Би 1991 онд аваарт орж, тэргэнцэр дээр суух болсон. Тэр үед ТҮЦ ажиллуулж, савхин эдлэл, гар урлалын зүйл хийж, борлуулдаг байлаа. Анх өөрийгөө саатуулах зорилгоор гар хивс хийдэг байсан. Тэр үед эсгий урлалын зүйл борлуулалт сайтай байсан учраас үүгээр үйл ажиллагаагаа дагнах болсон. Урьд нь биднийг төрөөс нэг их дэмждэггүй байсан. Хөгжлийн бэрхшээлтэй болохоор ядуу байж, гуйлга гуйх ёстой юм шиг боддог. Тэд өөрийгөө болгох гээд явдаг хөгжлийн бэрхшээлтэй иргэнээ үнэлдэггүй. Харин нөхөр маань намайг их дэмждэг. 1990-ээд оны эхэн үед тэргэнцэртэй хүн явахад хүмүүс их гайхна, харна. 2003 оноос хойш энэ хандлага гайгүй болж байна. Мөн яам, агентлагууд төсөл хэрэгжүүлж, хөгжлийн бэрхшээлтэй иргэнээ дэмжих хандлагатай болсон. Урьд нь бид чинь бор зүрхээрээ л зүтгэдэг байлаа шүү дээ.

-Тэргэнцэртэй иргэдийн талаарх мэдээлэл, сургалт эзэндээ хүрч чаддаг болов уу?

-Ер нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тухай мэдээлэл ховор. Энд тэнд янз бүрийн үйл ажиллагаа боллоо гэхэд өнгөрсөн хойно нь л сонсогдох жишээтэй. Би өөрийн эргэн тойрны хүмүүсээ л мэдэх юм байна.  Нэмэлт мэдээлэл ирэх нь муу.

-“Тэргэнцэртэй фермер” холбооныхон төслөөрөө шалгарч, “Монголын эмэгтэйчүүдийн сан”-гаас дэмжлэг авч байсан. Энэ нь ямар төсөл байсан юм бэ?

-“Монголын эмэгтэйчүүдийн сан”-гийн төслийн уралдаанд бид гар урлалын бүтээгдэхүүнээ зарах лангууны төслийг бичсэн. Бидэнд зургаан сарын лангууны түрээсийн мөнгийг хандивласан. Ер нь бидэнд хийсэн бүтээгдэхүүнээ зарах лангууны асуудал хүнд байдаг.

-Тэргэнцэртэй иргэдэд зориулсан зам, хаалга, автобус байхгүй гэж шүүмжилдэг. Энэ нь та нарт хэр хүндрэл учруулдаг бол?

-Бидэнд тулгардаг нэн тэргүүний асуудал нь зам, унаа хоёр. Ядахдаа тэргэнцэртэй иргэнд зориулсан чиглэл чиглэлд нэг автобус явуулдаг болчихвол сайхан байна. Бүр болдоггүй юм аа гэхэд, 14 хоног, сардаа тэргэнцэртэй иргэдэд зориулсан автобус явна гээд мэдээлчих хэрэгтэй. Бид ажлаа амжуулахын тулд таксидах хэрэг гарна. Үүнд хамаг мөнгөө үрж, мөнгөгүй бол гэрээс гарах аргагүй болдог. Ямар нэгэн юм хийе, амжуулая гэхээр зам, унаандаа боогдох юм. Гадаадын орон шиг болчихвол тэргэнцэртэй иргэд маань биеэ даагаад ажлаа амжуулах боломжтой.

-Та тэргэнцэртэй иргэдийн спортын тэмцээнээс нэлээд тооны алт, мөнгө авсан гэсэн?

-Анх тэргэнцэртэй хүмүүс таньдаггүй учраас ямар ч мэдээлэлгүй байдаг байлаа. 2002 оноос тэргэнцэртэй иргэнтэй танилцаж, нөхөрлөсөн. Тэр үед Тэргэнцэртэй иргэдийн холбоо байдаг гэж сонссоноос биш, яг хаана байдаг талаар мэдээлэл байхгүй байлаа. Би 2003 оноос бөөрөнцөг, буудлага, тэргэнцэртэй марафоны тэмцээнд оролцож эхэлсэн. Эхний удаа дөрөв тавдугаар байрт ордог байлаа. Сүүлрүүгээ туршлагажаад алт, мөнгө авдаг болсон. Би тэмцээнээс 30 гаруй медаль хүртсэн. Үүнээс ихэнх нь алт, мөнгө байгаа. Ихэвчлэн тэргэнцэртэй марафоны тэмцээнээс медаль хүртсэн.

-Тэргэнцэртэй иргэдийн спортын тэмцээнд хэр их хүн хамрагддаг бол?

-Анх нийслэлийн дүүргийн хэмжээнд зохион байгуулагддаг байлаа. Одоо жил ирэх тутам мэдээлэл өргөжиж, хүмүүс олноор хамрагдах болсон. Улсын тэмцээн болоход халамжаас замын зардлыг нь дааж, хол аймгуудаас иргэд оролцдог. Мөн манай тамирчдаас Гуанжоуд болсон паралимпид буудлага, хүндийн өргөлт, бөөрөнцөг, марафоноор дөрвөн тамирчин амжилттай оролцоод ирсэн.

-Паралимпид оролцох тамирчдаа хэр дэмждэг бэ?  

-Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн сагс, волейболын баг байдаг. Олон улсын тэмцээнд дэмжлэггүйн улмаас оролцдоггүй. Харин энэ жилээс тэднийг дэмжиж, тэмцээнд бэлтгэх нь гайгүй болж байна.


Бичсэн: amitaba | цаг: 18:43 | ярилцлага
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax