2012-05-10
Аврагчдын амь нас дээсэн дөрөөн дээр байна

     Дорнод аймагт гарсан ой хээрийн түймэр гурван хүний амийг авч одсон. Энэ үеэр галд өртөж түлэгдсэн хоёр албан хаагчийн биеийн байдал өнөөдөр дээсэн дөрөөн дээр дэнжигнэж байна. Тэдний биеийн байдлаас шалтгаалж шаардлагатай эмчилгээг хийж эхэлсэн ч ухаангүй хэвээр байгаа аж. Эдгээр албан хаагчдын ар гэрийнхэн болон эмнэлгийн удирдлагаас аврагчдын биеийн байдлыг тодруулсан юм.

Албан хаагчдын биеийн байдал хүнд байгаа

эмтэл согог судлалын үндэсний төвийн Яаралтай тусламж эрхэлсэн дэд захирал Р.Энхсайхан)

-Түймэрт өртөж, түлэгдсэн албан хаагчдын биеийн байдал ямар байна вэ?

-Тэдний биеийн байдал туйлын хүнд байна. Эрсдэлийн зэргээр үзэхэд, хамгийн хүнд буюу IV зэрэгтэй байгаа. Бид хийх ёстой бүх эмчилгээгээ хийгээд эхэлчихсэн.

-Тэдэнд ямар эмчилгээ хийж байгаа вэ?

-Ирснээс нь хойш бид шингэн сэлбэх, өндөр хүчтэй нөлөөтэй антибиотик зэрэг  олон улсын стандартад нийцсэн бүх төрлийн эмчилгээнүүдийг хийж байна.

-Эмчилгээ хийлгэж байгаа ч амь насанд нь баталгаа байна уу. Түлэгдэлтийн зэрэг нь маш хүнд байгаа шүү дээ?

-Үүнийг шууд хэлэх боломжгүй. Тэдний түлэгдэлтийн байдлыг амьдралд үл нийцэх гэмтэл гэж үздэг юм. Түлэгдэлтийн зэргээс хамаарч даамжирч хүндрэх талтай.  Ялангуяа, түлэгдэлтийн өвчин, түлэгдлийн шок бий. Үүний дараа түлэгдэлтийн идээт үрэвсэл, үхжил, хордлого гарч  байгаа болохоор эмчилгээнд нааштай дүн гарахгүй байна. Харин өвчтөнд шатлал бүр дээр анхны тусламжийг сайн үзүүлсэн  байсан. Гэмтэл согог судлалын үндэсний төвд дээрх албан хаагчдыг тусгай баг гарган эмчилж байна. Үүнд яаралтай тусламж, дүрс оношлогоо, лабораторийн эмч болон эрчимт эмчилгээний сувилагчийн баг ажиллаж байгаа.

- Шаардлагатай эм  тариа нь  хэр хүрэлцээтэй байгаа вэ?

-Эм тариагаар бүрэн хангагдсан.  Манай эмч нар дэлхийн стандартын түвшинд бүх эмчилгээг хийж байна.

-Ар гэрийнхэнтэй нь хэр холбоотой байна. Тэд ч бас сэтгэл санааны дарамтад байгаа байх?

-Бид үргэлж өвчтөнүүдийнхээ ар гэрийнхэнтэй холбоотой ажилладаг. Мөн Онцгой байдлын ерөнхий газрын хамт олон хамтран ажиллаж байгаа.

 

Замдаа даралт нь унаад байсан

(Дорнод аймгийн Онцгой байдлын хэлтсийн дэд ахлагч А.Болорсүхийн эхнэр А.Цэвэлмаа)

-Нөхрийн тань биеийн байдал ямаршуу байна?

-Түрүүхэн орчихоод ирлээ. Сэхээнд байгаа.

-Сахиуртай байгаа юу?

-Байхгүй. Бид цагийн хуваарийн дагуу орж байгаа.

-Нийслэл рүү ирэх замдаа биеийн байдал нь ямар байсан бол?

-Даралт нь унаад байсан. Одоо гайгүй тогтворжсон. Уг нь Баяндун сумаас шууд Улаанбаатар руу ирэх төлөвлөгөөтэй байсан. Гэвч манай хүний даралт нь тогтворгүй байсан учраас Чойбалсан руу очиж аймгийн эмнэлэгт эмчилж байгаад нийслэлд авчирсан.

-Хотод хэдэн цагт ирсэн бэ?

-Сайн мэдэхгүй байна. Онгоцны буудал дээр буухад, эмч нар хүлээж байсан. Тэгээд шууд Гэмтэл согог судлалын үндэсний төв дээр ирж, эрчимт эмчилгээнд орсон. 

-Танайх ам бүл хэдүүлээ вэ?

-Манайх 2-4 насны хоёр хүүхэдтэй. 

Засгийн газраас амь үрэгдсэн иргэдийн ар гэрт нөхөн олговор олгох шийдвэр гарсан байна.Тодруулбал, амь үрэгдсэн алба хаагчдад ажилласан жилийг нь харгалзан үзэж 60-80 сая төгрөгийг олгохоор болсон бол  эмнэлэгт эмчлүүлж байгаа хоёр алба хаагчдад эмчилгээний зардалд тус бүр 10 сая төгрөгийг өгөхөөр болсон байна.

 

Нөхөр маань аппаратаар амьсгалж байгаа

Гэмтэл согог судлалын төвд очиход эмнэлгийн коридорт гэр бүлийнхэн нь гээд 10 гаруй хүн байсан. Тэдний дунд Дорнод аймгийн Онцгой байдлын хэлтсийн ахлах ахлагч Г.Багабишийн эхнэр А.Далайхүү байв. Түүнээс зарим зүйлийг тодрууллаа.

-Танай нөхрийн биеийн байдал ямар байна?

-Юм ярьж чадахгүй байгаа учраас өрөөнд нь орж хараад л байж байна. Биеийн байдал нь ерөнхийдөө хүнд байгаа. Шоконд орж магадгүй гэсэн. Мөн аппаратаар амьсгалж байна.

-Ямар, ямар эмчилгээ хийж байгааг нь мэдсэн үү?

-Эмнэлгээс шаардлагатай гэх бүх эмчилгээг хийж байна. Мөн Онцгой байдлын ерөнхий газраас  өдөр бүр хүн ирж байгаа.

-Та нар хаана байрлаж байгаа вэ. Энд хамаатнуудаас чинь байдаг уу?

-Хөдөөнөөс ирсэн болохоор айлд байрлана даа. Одоохондоо эмнэлэгт л байж байна.

-Танайх хэчнээн хүүхэдтэй вэ?

-Бид ам бүл дөрвүүлээ. Одоо би долоон сартай жирэмсэн.

-Танайхан бүгд Дорнодод амьдардаг уу?

-Тийм. Манай гэр бүлийнхэн Дорнодод байдаг. Хадам ээж маань 80 гаруй настай буурал бий.

-Ээжид нь дуулгасан уу?

-Хэлсэн. Сэтгэл нь хямраад байгаа. Наашаа ирэхдээ харуулаагүй. Тэгсэн хүүг минь харуулсангүй гээд гомдоллосон.

Түймэр бургастай газраараа уугиж байна

Дорнод аймгийн Онцгой байдлын хэлтсийн байцаагч Д.Баттулгатай утсаар холбогдож, зарим зүйлийг тодрууллаа.

-Баяндун сумын Шивэртийн аманд гарсан түймрийг бүрэн унтраасан уу. Эхний байдлаар дүгнэлт нь гарсан уу?

-Дүгнэлт нь гараагүй. Ажлын хэсэг ажиллаж байна.

-Түймрийг  унтарсан гэх мэдээ байна?

-Цурманд оруулсан. Гэхдээ бургастай газраараа уугиж байна.  


Бичсэн: amitaba | цаг: 15:24 | ярилцлага
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax